Ахмад уурхайчиддаа хүндэтгэл үзүүлэх“Дурсамж, Сургамж, Санамж” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Багануур” ХК-ийн 45 жилийн ой, “Олон Улсын Ахмадын өдөр”-ийн баярыг тохиолдуулан “Дурсамж, Сургамж, Санамж” нэртэй уулзалт, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Хөдөлмөрийн баатарууд, Гавъяат уурхайчид болон үе үеийн удирдлагууд, нийт 380 гаруй ахмад уурхайчид хүрэлцэн ирсэн.

Баярын арга хэмжээг “Багануур” ХК-ийн Ахмадын зөвлөлийн дарга Ринчиндоржийн Сугиржав нээж, Багануурын Уурхайн даргаар ажиллаж байсан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Доржийн Дондов, “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Сүхбаатарын одонт, Монгол Улсын Гавъяат уурхайчин Даваасүрэнгийн Дамбапэлжээ нар мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Дашдаваагийн Түвшинжаргал компанийн 45 жилийн ой, “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан нийт ахмадууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн, захирлын зөвлөлийн гишүүд зарим ахмадуудад буцалтгүй тэтгэмж гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Гавъяат жүжигчин Жанчигийн Уранчимэг, Зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдоржийн нэрэмжит “Цэргийн гавъяаны одонт” Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж урлагийн тоглолт үзүүлж, ахмадууд хамтдаа дуулж, бүжиглэн нэгэн сайхан өдрийг өнгөрүүллээ.

Ахмад уурхайчид та бүхэндээ эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Share this story!