БАГАНУУР ХК-ИЙН 2023 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Багануур ХК-ийн 2023 оны 3-р улирлын тайлангийн хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер Л.Наранчимэг, Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр тэргүүтэй мэргэжилтнүүд ирж оролцлоо. Монгол улс тэр тусмаа нийслэлчүүд 2023-2024 онд шилжих өвлийг хэрхэн даван туулж, урин хавартай золгох эсэх нь Багануур ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Энэ ч утгаараа толгой компанийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаа нь мэдээж юм.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал Багануур ХК 2023 оны III улирлын байдлаар үйлдвэрлэл, санхүү эдийн засгийн төлөвлөгөөг үзүүлэлт тус бүрээр 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллаж буйг онцлоод дараах чиглэлээр тайлан танилцууллаа. Үүнд:

– Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт

– Дулааны цахилгаан станцуудын захиалгын биелэлт

– Эдийн засгийн үзүүлэлт

– Хуримтлагдсан өр төлбөр

– Хөрөнгө оруулалт, худалдан авалт

– Үр ашиг, бүтээмж нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд

– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

– Ажиллах хүч, хүний нөөцийн бодлого

– Байгаль орчин, нөхөн сэргээлт, тэрбум мод хөтөлбөр

– Албан бичиг, үүрэг даалгаврын биелэлт

– Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлт

– Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт

– 45 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд зэргийг мэдээллээ.

Тэрээр оны үлдэж буй хугацаанд эхний 3 улиралд хүрсэн түвшинг бууруулахгүй ажиллахаар төлөвлөн ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.

Үүний дараа компанийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, хүлээлт, шийдэл эрсэн тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Тухайлбал: Олон жилийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, нэг тонн нүүрсийг 48.8 мянган төгрөгөөр олборлоод, 43.3 мянган төгрөгөөр борлуулж байгаа тул нүүрсний үнийг хамгийн багадаа 5,500 төгрөгөөр нэмүүлэх, үүнтэй уялдаад ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжийн асуудлууд байгааг уламжиллаа.

Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх: Багануур ХК үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр биелүүлэн ажиллаж байгаад талархаж байна. Та бүхний санал хүсэлт, уламжилж буй асуудлуудыг Түлш, эрчим хүчний группийн зүгээс бүрэн дэмжинэ гэлээ. Мөн тэрээр нүүрсний давхарга бүрт шинж чанарын судалгаа хийлгэхийг зөвлөлөө.

Өнгөрөгч 7 хоногт болсон “Уул уурхайн долоо хоног 2023” чуулганы үеэр Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх “Эрдэнэс Монгол” нэгдэл нүүрсийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэхэд баримталж буй бодлогын талаар ярьсан юм. Нүүрсийг гүн боловсруулснаар Диметиллийн эфир буюу хүхэргүй, үнэргүй, байгаль орчинд ээлтэй хийн түлш гарган авах боломжийн талаар онцолж байв. Тэгвэл энэхүү нүүрс хими технологийн үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэн Багануур дүүрэгт барихад ямар давуу тал, боломжууд байгаа талаар тайлангийн хурлын үеэр компанийн удирдлагууд танилцуулсан юм.

Share this story!