ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ ГАЛ УНТРААХ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ.

Өнөөдөр /2023.11.02/ компанийн Гамшгаас хамгаалах штаб, Багануур дүүргийн Гал унтраах, аврах 64-р ангитай хамтран гал эсэргүүцэх дасгал, сургууль зохион байгууллаа. Гал эсэргүүцэх дасгалд Технологийн автомашины ашиглалтын хэсэг, технологийн автомашины засварын хэсэг, захиргааны нийт 200 орчим ажилтан хамрагдлаа.

Дасгал сургууль нь технологийн автомашин, тоног төхөөрөмжид гал гарсан үед ажилтнууд хэрхэн хаашаа мэдээлэх, гарсан галыг яаж унтраах, өөрийгөө болон бусдыг, эд хөрөнгө тоног төхөөрөмжийг аюулын голомтоос хэрхэн гаргах, хамгаалах арга барилд сургах, гал гарахаас урьдчилан сэргийлэх, аюулыг илрүүлэх дадлага олгох зорилготой байв.

Энэ удаагийн гал эсэргүүцэх дасгалыг Гамшгаас хамгаалах штабаас төв диспетчер, галын тасаг, цехийн эмнэлэг, харуул хамгаалалтын албанд урьдчилан мэдэгдээгүй бөгөөд бодит аюул үүссэн тохиолдолд хэрхэн түргэн шуурхай, оновчтой ажиллахыг үзэж, өөрсдөдөө дүгнэлт хийж, засаж сайжруулах зорилго агуулсан нь онцлог болов.

Дасгалын үеэр гал унтраах аврах 64-р ангийн албан хаагчид тоног төхөөрөмжид гал гарсан тохиолдолд гал унтраах ангийг ирэх хугацаанд галыг даамжруулахгүй байх, тэсэрч дэлбэрэх нөхцөл байдал үүсэхээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө өгсөн. Мөн ТАМЗХ-ийн механик Л.Батмөнх технологийн авто машины операторуудад тоног төхөөрөмжид гал гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, галын тасгийн гал сөнөөгч Д.Болорсүх галын хоронд тавигдах шаардлага, бүтэц, зориулалт, ажиллуулах зарчмын талаар мэдлэг олголоо.

Гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюулыг устгаж мэдээлэх аюулын тархалтанд өртөж болзошгүй тоног төхөөрөмжийг аюулгүй зайнд гаргах, аврах ажиллагаа зохион байгуулах чадвар олгох дасгал сургуулилтад уурхайчин бүр тогтмол оролцож, энэ талын мэдлэг мэдээллээ дээшлүүлж байх нь болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Share this story!