"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Хариуцлагатай уул уурхайн түүхэн замналтай Багануурын уурхай

“The Mongolian Mining Journal”- ийн сэтгүүлч Г.Идэрхангайн сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.

DSC_7306

40 жилийн ойгоо угтаж буй Багануурын уурхайн ажил амьдралыг сурвалжлахаар MМJ-ийн баг зорьж очлоо. Нарлаг дулаахан ч сэвэлзсэн салхитай энэ өдөр Төв захиргааны байрны өмнөх талбайд гоёлын дээл хувцастай, энгэртээ одон медаль гялалзуулсан ахмад уурхайчид хуран цуглажээ. Тэд дурсамжаа сөхсөн халуун дулаан яриа өрнүүлэн сууцгаах нь дэргэдүүр өнгөрсөн хэн бүхний анхаарлыг эрхгүй татна. 40 жилийн ойн баримтат киноны зураг авалтдаа оролцохоор уурхайн нэр хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн нь энэ ажээ.

“Бид анх удаа уурхайн гурван үеийн уулзалтыг зохион байгуулж байна. Монголын уул уурхайн салбарын томоохон бүтээн байгуулалтын амьд гэрч болсон тэднийгээ уулзуулж, уурхайгаараа аялуулангаа ажил амьдралынх нь арвин туршлага, үнэтэй сургамжийг сонсох сайхан байна” хэмээн уурхайн ажилтнууд ярилаа. Багануурын уурхайтай амьдрал, хувь заяагаа холбож, бүтээн байгуулалтын он жилүүдэд нь залуу насаа мөнхөлсөн ахмад буурлууд уурхайдаа ирээд нулимс унагах нь ч бий. “Энэ миний жолоодож байсан машин, тэр бидний ажиллаж байсан газар..” гэх зэргээр дуу алдах, догдлон хөөрөх тэдэнд дурсах зүйл үнэхээр арвин ажгуу. Анхны бүтээн байгуулалтаас нь эхлээд өнөөг хүртэл уурхайдаа тасралтгүй ажиллаж буй ахмадууд ч цөөнгүй байна.
Одоогоос зургаан жилийн өмнө буюу идэр есийн жавар тачигнасан 2012 оны хоёрдугаар сарын өдрүүдэд MMJ-ийн сурвалжлах баг Багануурын уурхайн горнякуудтай уулзаж байв. “Хасах 40 хэмийн хүйтэнд уурхайчид нийслэлийнхээ галыг алдуулахгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах үе бий. Бид уурхайчдаараа бахархдаг. Тэд бол улс орныхоо төлөө жинхэнэ баатарлаг үйлс бүтээж яваа хүмүүс” хэмээн тухайн үеийн уурхайн удирдлагуудын хэлж байсан нь санаанд буулаа.
Тэртээ 1978 онд эзгүй зэлүүд Нүүрэнтэйн хөндийн Багагүн нуурын зүүн дэнжид уурхайн анхны гэр баригдаж, анхны тэсэлгээ хийснээс хойш Монгол, Оросын ард түмний гар, сэтгэл нийлсэн их бүтээн байгуулалт өрнөж, өнөөдрийн Багануурын уурхайг бий болгосон түүхтэй. Гэхдээ энэ удаад дурсамж түүх хүүрнэхээс илүүтэй 40 жилийн түүхт уурхайн үйлдвэрлэлийн явц байдалтай танилцахыг сурвалжлах баг зорилгоо болгосон юм.
Нийслэлээс уурхай руу засмал замаар саадгүй хүрч очно. Улаанбаатараас зүүн тийш 130 км зайтай, Хэнтийн уулархаг мужийн зүүн өмнөд хэсэгт Хэрлэн голын баруун эргийн дагуу Багануурын орд газар байршина. Зүүн хойноос баруун урагш чиглэсэн суналтай, уртаараа 12 км, өргөнөөрөө 4-5 км талбайг эзэлж тогтсон энэ уурхайд нүүрсний үндсэн 3 давхаргаас олборлолт явуулдаг.
Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу бид хантааз, хамгаалалтын малгайгаа өмсөөд технологич инженер М.Эрдэнэбатаар газарчлуулан уурхайг бүхэлд нь харж болохуйц өндөрлөгт хүрч очив. Тусгайлан засч бэлдсэн модон саравч бүхий энэ өндөрлөгөө уурхайчид “Ерөнхийлөгчийн тавцан” хэмээн нэрийджээ. Саравчны тулгуур багана бүрт Багануурын уурхайн түүх өгүүлсэн гэрэл зургуудыг байршуулсан нь сонирхолтой харагдав. Өндөрлөгөөс уурхайг бүхэлд нь тольдон харж болохоос гадна дээрх зургуудаас товч бөгөөд тодорхой мэдээлэл аваад буцаж болохоор ажээ. Тавцанг тойруулан мод тарьж, зүлэгжүүлж буй бөгөөд “Удахгүй энд ногоон зүлэгтэй, сайхан төгөл бий болно” хэмээн инженер залуу итгэл төгс хэлэв. Өндөрлөгөөс уурхай хүртэлх зам дагуу усалгааны систем суурилуулж, мод суулгасан байх агаад түрүүчээсээ ургаж төлжиж буй зулзаган модод олон болжээ.
Багануурын уурхай говийн уул толгод бага зэргийн цасанд дарагдсан мэт цайвартан харагдана. Олборлолт явагдаж буй ихэнх нүүрсний уурхайд машин тэрэг сүлжилдэн давхилдаж, шороо тоос манарч байдаг бол энд харьцангуй нам гүм орчин угтана.
“Нүүрсний өнгөн хөрс цайвар учраас ингэж харагддаг. Хөрс хуулсны дараа Улаанбаатар хотыг илч дулаанаар хангадаг нүүрс гарч ирнэ дээ” хэмээн хажууд яваа уурхайн ажилтан хошигнов. Ерөнхийдөө 90-100 метрийн зузаан хөрс хуулж байж, 15-20 метр зузаантай нүүрс гаргаж авдаг ба уул, геологийн нөхцөлийн хувьд Багануур, Шивээ-Овоогийн уурхай Тавантолгой ордоос хүнд гэж мэргэжилтнүүд үздэг.
Уул-1, Уул-2 гэсэн үндсэн хоёр хэсэгт олборлолт явагдаж буй бөгөөд 2018 онд өмнөх жилүүдийн амжилтаа давтан, 4.100.000 тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа уурхайн инженерүүд яриандаа дурдаж байлаа.
Бид уурхайн гүн рүү нэвтэрч, дөнгөж нээгдээд байгаа нүүрсний аман дээр очив. Харахад маш багахан талбайд нүүрс ил гарч ирсэн мэт боловч эндээс 2018 онд 720 мянган тонн нүүрс олборлоно гэхээр хэр их нөөцтэй нь тодорхой болно. Нүүрсний амны хажууханд ЭШ-15/90 загварын аварга экскаватор ачилт хийхээр зогсчээ. 1981 онд ашиглалтад орсноос хойш бараг 40 жил тасралтгүй ажиллаж байгаа энэхүү алхагч экскаваторын сумын урт 90 метр, шанаганы багтаамж нь 15 шоо метр. Сонирхолтой нь уг экскаваторыг 40 жил жолоодож буй Хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр 1981 онд залуучуудын байгууллагын илгээлтээр Багануурын уурхайд анх ирж ажиллажээ. Экскаватор машинч хоёрын ажиллаж буй жил эн чацуу юм. ЭШ-15/90 нь Монголд цор ганц байдаг экскаватор. Мөн ЭШ-20/90 хэмээх 20 метр кубын багтаамж бүхий шанагатай экскаватор Багануураас өөр уурхайд байхгүй.
Ийнхүү бид нүүрсний шинэхэн нээгдсэн амтай танилцаад уурхайн үйлдвэрлэлийн дараагийн хэсэг болох ачилтын талбайд очлоо. Тус уурхайд нийлүүлэгдээд удаагүй байгаа Катерпилларын өөрөө буулгагч машины тэвшинд мөн л ЗХУ-д үйлдвэрлэгдсэн ЭКГ-5А экскаватор нүүрс ачиж байхтай таарав. 1981 оноос хойш Багануурын уурхайд хүчин зүтгэж буй уг экскаватор, СAТ брэндийн техниктэй тун чадамгай хослон ажиллаж байг ажиглах нэн сонирхолтой. “Энэ хоёр техник маш сайн хосолж ажилладаг. Хамгийн гол нь шанаганы утгах хэмжээ СAT-ын машинд яг тохирдог” хэмээн 30 дахь жилдээ Багануурын уурхайд ажиллаж буй экскаваторын машинч сонирхуулаа.
Урин дулаан цагаар экскаваторуудад засвар үйлчилгээ хийчихвэл бүтэн жилдээ дажгүй ажиллачихдаг аж. Гэхдээ олон жилийн насжилттай эдгээр техникийг жагсаалаас гаргачихалгүй өдий зэрэгтэй ажиллуулж буй нь яах аргагүй монгол инженерүүдийн ур ухаан, хөдөлмөр зүтгэлийнх юм. Орос техникүүд насжилт өндөртэй ч тордоод, засч сэлбээд байвал ажиллаад л байдаг хэмээн хэлэх ахмад уурхайчид олон байна.
Багануурын уурхайчид сүүлийн нэг жилд хэд хэдэн шинэ санаачилга гарган ажиллаж байгаагийн нэг нь “Шанага” төсөл юм. Уурхайн ажилчид үүндээ урамшин дахин хоёр шанага үйлдвэрлэхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод байна. Энэ жил тус уурхай ОХУ-аас хоёр шанага худалдаж авах байснаа больж, өөрсдөө үйлдвэрлэхээр болсон нь энэ. Өвлийн ид ачааллаас өмнө хоёр шанагаа үйлдвэрлэж, уурхайн хөрс хуулалт, олборлолтод ашиглахаар төлөвлөжээ. Цаашид ЭШ-15/90, ЭШ-20/90 зэрэг аварга экскаваторуудын шанагыг үйлдвэрлэх боломжтой гэж үзэж буйгаа тэд нуусангүй.
“Багануур” компани сүүлийн хэдэн жилд уурхайн техникийн бааз өргөтгөлдөө онцгой анхаарч буй бөгөөд Катерпиллар болон Комацу брэндийн өөрөө буулгагч автосамосвал, экскаваторуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа юм. Ингэснээр уурхайн олборлолтын үр ашиг тодорхой хэмжээнд нэмэгдэж, уулын ажлын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой болсноо уурхайн удирдлагууд онцолж байлаа. Уурхайн амнаас өдөртөө 1700 тонн нүүрс ачигддаг бөгөөд эндээс төдий л холгүй нүүрс хүлээн авах бункерт хүргэгдэж, улмаар галт тэргээр нийслэл хотыг зорьдог. Бид нүүрс хүлээн авах хэсэгт очиход аль хэдийнэ галт тэрэг ирчихсэн нүүрсээ ачиж байлаа.
Тус бункер нийтдээ 250 тонн нүүрсний багтаамжтай. Нүүрс хүлээн авч дамжуулах байгууламжийн бутлуурын хэсэгт орсон нүүрс 0-150 мм-ийн диаметр бүхий бутармаг болж гарч ирдэг. Ингээд дараагийн дамжлага руу шилжиж, вагонд хүргэх нөөцийн бункер руу урт конвейерээр хүргэгдэнэ. Хоногт 76 вагон нүүрс ачих нормтой бөгөөд технологи дамжлагын хүчин чадал цагт 10 вагонд ачих зориулалттай. Үүнийг ажлын 9.30 цагаар тооцвол үндсэндээ 83 вагонд нүүрс ачдаг. Ийнхүү бутармаг болсон эрчим хүчний нүүрс Улаанбаатар хотыг зорьж, дулааны цахилгаан станцуудад нийлүүлэгдэнэ.
Багануурын уурхайд шинээр эрчимтэй хийгдэж буй томоохон ажлын нэг нь уурхайн ус шүүрүүлэлт. Уурхайг тойруулан 80-90 гүний цооног өрөмдсөн бөгөөд үндсэндээ нүүрсний давхаргыг усгүй болгох ажил өрнөж буй юм. Жилд 5.5-6 сая шоо метр ус шүүрүүлж буй бөгөөд уурхайн олборлолтын чиглэл өөрчлөгдөх хэсэг дээр ус шүүрүүлэлтийг урьдчилан явуулж байгаагаа Багануурынхан онцолж байсан. Ус шүүрүүлсэн хэсэгтээ шимт хөрс хуулж, тусад нь овоолго үүсгээд буцаагаад нөхөн сэргээлтдээ ашигладаг аж. Шимт хөрсөө тусад нь хурааж авдаг гэсэн үг.
Багануурын уурхай өнгөрсөн 40 жилийн хугацаанд мөрдөж ирсэн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны соёлын талаар сурвалжлагад дурдахгүй өнгөрч болохгүй. Тус уурхай хөдөлмөр аюулгүй, ажиллагааны удирдлагын тогтолцооны OHSAS-18001 стандартыг нэвтрүүлэхээр 2017 оноос зөвлөх компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд уурхайн ХАБЭА-н бодлогоо боловсруулан, аюул ослыг илрүүлэх, мэдээлэх, бууруулах чиглэлээр бүхий л ажлын байранд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.
Уурхайн нөхөн сэргээлтийн нүдэнд харагдахуйц үр дүнтэй үйл ажиллагааг Багагүн нуураас харж болно. Энэ нуур Уул-1-ийн олборлолтын явцад ширгэх дөхжээ. Учир нь уулын ёроолоор байсан усыг сорсны улмаас нуурын ус олборлолтын хэсэг рүү нэвчээд байж. Тиймээс нуурын усыг нэвчүүлэхгүй байх арга хэмжээ авч, их уурхайгаас гарсан усаа буцаагаад нуур руугаа цутгажээ. Өнөөдөр ч гэсэн уурхайгаас гарсан усыг шүүрүүлэн нуур руу хийж буй. Багагүн нуур ийнхүү сэргэсэнд нутгийн олон олзуурхаж байв.
Wagner Asia
Komit
Mera
Za mine