"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Х.БАЛСАНДОРЖ: ЭХ ОРНЫХОО ГАЛ ГОЛОМТЫГ ТАСАЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭЖ ХЯМРАЛЫН ХЯМД ҮЕИЙГ ДАВЖ ЧАДСАН

IMG_7860Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Балсандоржтой ярилцлаа.

Багануур ХК-ийн 40 жил энэ онд тохиож байна. Та Монгол улсын эрчим хүчний хэрэглээний нүүрсний дал шахам хувийг хангадаг энэ том байгууллагад олон жил ажилласан хүний нэг. Сэтгэгдлээ хуваалцана уу?

Залуу насны сайхан цаг үе маань Багануурын уурхайд эхэлж, энэ уурхайд үргэлжилсэн л дээ. Дөнгөж сургууль төгссөн залуу Багануурын уурхайд ирж байлаа. Слесариас нь эхлээд уурхайн даргын албыг хаших хүртлээ ажилласан. Залуу насны 15 жилээ Багануурын уурхайд өнгөрөөсөн минь миний  амьдралын хамгийн сайхан үеийн нэг. Багануурын уурхайнхаа 40 жилийн ойг тохиолдуулж хамт ажиллаж байсан уурхайчид, ахмадууд, өнөө үед бидний хөдөлмөрийг түүчээлж яваа залуу үедээ ойн баярын мэнд хүргэе. Уурхай маань цаашдаа цэцэглэн хөгжиж, Монгол улсынхаа гал голомтыг үүрд бадраагаарай гэж хүсч байна.

Шилжилтийн үеийн Багануурын уурхайн нөхцөл байдал ямар байсан бэ? Энэ түүхэн үед уурхайг удирдаж явсан хүний хувьд мэдээж дурсамж хөндсөн олон үйл явдлууд өрнөсөн байх?

Багануурын уурхай зах зээлийн эдийн засагт шилжих эхний үе шатанд бусад салбарын адил хямралтай байсан. Социализмын үед бий болсон материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн санаглтын систем устаж үгүй болсноос гадна бодлогоор үнийн зохицуулалт хийдэг явдал зогссон. Боловсон хүчний хангамж, нөөц бүрдүүлэлт төлөвлөгөө бодлоготой явж байсан нь тасалдсан учраас уурхайн үйл ажиллагаа хямралын байдал руу шилжсэн л дээ. Үйлдвэрт ажилладаг машин тоног  төхөөрөмжийн тоо цөөрсөн. Хэдийгээр машин  техник байгаа ч сэлбэг хэрэгсэл, материалгүй, засвар хийх бололцоогүй учраас эдвэрсэн зогссон байдагтай хэцүү цаг байлаа. Үйлдвэрлэлийн процесс тодорхой хэмжээний материалаар тасрах асуудал байнга гарна. Шатах тослох, тэсрэх материалууд, дизелийн түлшээр саатаж үйлдвэр зогсох энүүхэнд. Боломжийн сайн инженер техникийн ажилтны нэг хэсэг нь ганзаганад, нөгөө зарим нь хувийн хэвшил рүү явж ЗХУ-ын мэргэжилтнүүд нутаг буцсан. Ийм шалтгаанаар боловсон хүчний нөөц, бололцоо хүндэрсэн. Уурхайн санхүүгийн байдал дордсон учраас шатахуун тэслэх материал авах, ажилчдынхаа цалинг тавиад дараа нь дизелийн түлшээ авдаг байсан цаг. Бэлэн мөнгөний хомсдол үүссэн болохоор цалингаа авахын тулд Улаанбаатар хот руу тусгай машин, буутай хамгаалагч явуулж байсан түүх Багануурт бий. Улаанбаатарын цахилгааныг тодорхой хугацаанд байнга хязгаарлаж байсан үе шүү дээ. Нүүрсний хангамж, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа муудсанаас болсон хэрэг.

Багануурын уурхай хямралыг хэрхэн давсан бол?

Уурхайчдын хувьд цалин нь бага, амьдрал нь хэцүү байсан ч хямралын үеийг давах ёстой, улс орныхоо гал голомтыг тасалж болохгүй гэсэн сэтгэлээр зүтгэсэн учраас хямралын хүнд үеийг давж чадсан. Бэрхшээлийг давж чадвал асар их нөөц, ирээдүй Багануурын уурхайд байгааг эмдэж байсан учраас тэгэж зүтгэсэн л дээ. Нүүрсний асар их нөөцтэй, Улаанбаатарт хамгийн ойрхон нүүрсний уурхай учраас цаашдаа ч байр сууриа алдахгүй хөгжөөд явна гэдгийг харсан хэрэг. Нэг талаас хямралтай байдалд зохицож ажиллах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нөгөө талаас засгийн газар ч ойлгож дэмжсэн. Хямралын эхэн үе буюу машин тоног төхөөрөмжийн хангамж муу байсан үед Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Багануурын уурхайд 20 ширхэг 40 тоннын даац бүхий авто машин, долоон ширхэг бульдозер нийлүүлсэн юм. Монголд ашиглаж үзээгүй барууны техникүүдийг тэр үед анх удаа Багануурын уурхайнхан ашигласан түүхтэй. Уурхайн зүгээс барууны техник дээр ажилллах хүмүүсээ сургаад машин техникээ хүлээж авсан. Тэгээд Японы мэргэжилтнүүдийн тусламжтайгаар угсарч, ашиглалтанд оруулж байлаа. Уурхайчдын хувьд хэмнэлт гаргах, эвдрэлээ багасгах, өртөг зардлаа хямдруулах, сахилга батаа дээшлүүлэх, хариуцлагатай байх чиглэлийн арга хэмжээнүүдийг авсан нь үр дүнгээ өгсөн.

Дөчин жил ажилласан том уурхайн хувьд тулгамдсан асуудал цөөнгүй бий. Цаашид илүү хөгжихийн тулд амжуулах ёстой ажлууд ч хүлээгдэж байгаа. Саяхан Засгийн газар уурхайн талаар шийдвэр гаргахдаа нүүрсний үнийг чөлөөлөх асуудлыг судална гэчихлээ. Нүүрсний үнийн асуудал их эртнээс яригдсан байх аа?

Дэлхийн банкнаас зээл авах үед ч яригдаж байсан асуудал. Засгийн газар тухайн үед Дэлхийн банктай тохиролцож гэрээ хийсэн байдаг л даа. Дэлхийн банкнаас нүүрсний үнээ чөлөөлөх санал тавьсан байдаг юм. Харамсалтай нь Дэлхийн банк үүргээ биелүүлж зээлээ олгосон ч Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нүүрсний үнийг барьсаар өнөөдрийг хүрсэн. Багануур болон бусад уурхай алдагдалтай үнээр бүтээгдэхүүнээ борлуулсан хэвээр байна. Багануурын хувьд Дэлхийн банкны зээлийг буцаагаад төлөх санхүүгийн хуримтлал үүсгэж чадаагүй нь ийм учиртай. Харин сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд Засгийн газар нүүрсний үнийг эрчимтэй нэмж, алдаагаа засах бодлогыг зөв зүйтэй хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Багануур, Шивээ-Овоогийн уурхай өнгөрсөн жил ашигтай ажилласан. Сүүлийн хориод жилийн хугацаанд анх удаа болж байгаа процесс. Хоёрдугаарт Засгийн газар саяхан Багануур, Шивээ-Овоогийн уурхайн Японы Засгийн газар, Дэлхийн банкнаас авсан зээлийг Засгийн газрын хөрөнгө оруулалтад тооцох шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл зээлийг төлүүлэхгүйгээр хааж байна. Засгийн газрын зүгээс уурхайн хувьд авч байгаа маш том арга хэмжээ. Тодруулбал Багануурын уурхай урт хугацаат зээлийн өрийн үлдэгдэлгүй боллоо гэсэн үг. Өрийн үүрэггүй болчихоор энэ компанийн санхүүгийн чадавхи эрс дээшлэх бололцоо бүрдэж байна. Багануурын уурхай санхүүгийн хувьд гайгүй болж эхэлсэнд олзуурхаж байна.

Уурхайн өмнө тулгамдаад байгаа гол асуудал нь юу вэ?

Техникийн шинэчлэл уурхайн тулгамдсан гол асуудал болоод байна. Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр ахиухан хөрөнгө оруулалт хийж техникийн шинэчлэл хийсэн удаатай. Тэр цагаас хойш дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй. Уурхай дотоод эх үүсвэрээрээ л  бага хэмжээний тоног төхөөрөмж, машин механизм авах ажил хийсээр ирсэн. Багануурын уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан гэсэн асуудал бий. Засвар үйлчилгээ хийсээр өнөөг хүрсэн л дээ. Өөрөөр хэлбэл техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүсчихсэн. Техникийн шинэчлэл хийж чадахгүй яваа нь уурхайн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Машин техникүүд нь бүрэн ажиллахгүйгээс болж уурхайн хөрс хуулалт хоцрох, хөрс хуулалт хоцрохоор технологийн горимын зөрчил гарах, хөрс хуулалтын алдагдалд орох байдал ажиглагдаж эхэлсэн.

Техникийн шинэчлэлийг яаж хийвэл эдийн засгийн хувьд үр өгөөжтэй бол?

Техникийн шинэчлэлийг уламжлалт аргаар хийгээд хэрэггүй байх. Тодруулж хэлбэл одоогийнх шиг тээвэртэй хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулсаар байвал зардал өндөр гарах сөрөг талтай.  Сүүлийн үеийн техник технологийг ашигласан тээвэргүй хөрс хуулалтын схем буюу конвейерийн тээврийн системийг нэвтрүүлэх нь зүйтэй. Техникийн шинэчлэлийг ингэж хийвэл зардал бага гарна. Техникийн шинэчлэлийг цогцоор нь хийсэн үед л Багануурын уурхайн нөөцийг бүрэн олборлох боломж нээгдэнэ.

Сүүлийн үед олны анхаарал байгаа Багануурын уурхайн лицензийн маргааны тухайд та ямар тайлбар хэлэх вэ. Таныг уурхайг удирдаж байх үед эхэлсэн асуудал бил үү?

Намайг Багануурын уурхайн захирлаар ажиллах үед буюу 1996 онд Ашигт малтмалын шинэ хууль батлагдсан юм. Хуучин лицензтэй үйл ажиллагаа явуулж байсан уурхайнууд шинэ хуулийн дагуу лицензээ дахин авах шаардлагатай болсон л доо. Тухайн үед  нүүрсний салбарын 17 уурхай бүгдээрээ төрийн өмчийн оролцоотой байлаа. Уурхайнууд тухайн оныхоо аравдугаар сараас өмнө лицензээ шинэчлэх байсан ч бүгдээрээ өргөдөл өгч амжаагүй түүх бий.  Үүнээс болж Засгийн газар дээр бөөн асуудал үүссэн удаатай.  Уурхайн дарга нар Засгийн газрын хуралдаанд дуудагдаж, цалингийнхаа 20 хувийг гурван сарын хугацаанд хасуулах хариуцлага хүлээж байсан юм. Тэр үед Засгийн газар нүүрсний 17 уурхайд тухайн ордыг нь ашиглуулах тогтоол гаргасан нь ийм учиртай. Өөрөөр хэлбэл Багануурын уурхайд Багануурын ордыг ашиглуулах шийдвэр гаргасан гэсэн үг. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын энэ  тогтоолыг зөрчиж  Багануурын уурхайн лицензтэй талбай дээр лиценз олгосон асуудал байдаг. Засгийн газраас шийдвэр гарсны дараа миний бие Багануурын нүүрсний уурхайн хил  хязгаарын гадна нэг ч тонн нүүрс үлдэхгүй байхаар тооцож лицензийг нь авч байсан. Сүүлд үүссэн лицензийн маргааны тухайд бага сага асуудал яригддаг. Лицензийг нь авсан гээд буй хувийн компани Багануур дүүргийн нутаг дэвсгэрт оршдог  уурхайн лицензийг авахын тулд Багануур дүүрэгт нь хандаагүй юм билээ. Төв аймгийн Баяндэлгэр сумаас санал, бичиг авсан асуудал дуулддаг. Энэ утгаараа Багануурын уурхайн лицензийг хууль бусаар авсан гэх бүрэн үндэстэй. Тэгэхээр уурхайн лицензийг буцааж олгох ёстой. Уул уурхайн компанийн оршин тогтнох үндэс нь лицензтэй талбай, нөөц шүү дээ. Багануурын уурхайд өнөөдөр нөөц нь байгаа ч  лиценз нь асуудалтай байна. Засгийн газар, хууль хяналтын байгууллага энэ асуудлыг  шалгаж буруутай хүмүүст нь арга хэмжээ авах ёстой. Төрийн өмчит хариуцлагатай компани, Монгол улсын түлш эрчим хүчний салбарын 60 хол давсан хувийг 40 жил нүүрсээр тэжээж байгаа энэ уурхайн  лицензийг буцааж өгөх хэрэгтэй. Ингэх нь шударга ёсонд нийцнэ.

Ярилцсан Г.Идэрхангай

 

 

 

Wagner Asia
Komit
Mera
Za mine