"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Д.ДОНДОВ: УУЛЫН АЖЛЫН ЭНЭ САЙХАН ХЭМНЭЛЭЭ АЛДАХГҮЙ ЯВААД БАЙХ ХЭРЭГТЭЙ

Баялаг намтартай уурхайчдын нэг, нүүрсний салбарын нэвтэрхий толь хэмээн олонд хүндлэгдсэн, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер  Д.Дондовыг  MMJ-ийн тусгай дугаарын зочноороо урилаа. Тэрээр Багануурын уурхайн анхны даргаар томилогдож, их бүтээн байгуулалтыг 12 жил гардан удирдсан билээ.

 ZJNL

Ярилцсан Г.Идэрхангай

Нийслэл хотыг дөчин жилийн турш илч дулаанаар харамгүй тэтгэж ирсэн  томоохон уурхайн баялаг түүхийг бүтээсэн олон зуун эрхэм хүмүүсийн нэг нь Та.  Багануурын уурхайг байгуулах шийдвэр анх, хэдийд гарсан юм бэ?     

1970-аад оны эхээр Монгол улсад аж үйлдвэржилтийн хөгжлийн шинэ үе эхэлсэн. Аж үйлдвэржих, хотжих  үйл явц хүчтэй явагдсанаар Дархан, Эрдэнэт гээд томоохон хотууд байгуулагдсан юм. Тэр үед улс, ардын аж ахуйг хөгжүүлэх V таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлага үүсч, цахилгаан, эрчим хүчний  ихээхэн хэмжээний хэрэглээ ч гараад ирлээ. Үүнийг хангахад нүүрс маш их хэрэгтэй болж,  төр засгийн зүгээс Монгол орныг түлшээр хэрхэн хангах вэ гэдэгт онцгой анхаарч эхэлсэн. Ерөөс энэ асуудлыг шийдэх гол гарц нь Дорноговь аймагт Өвдөг худагийн нүүрсний уурхайг байгуулж,  жилдээ  2 сая тонн нүүрс олборлох ажлыг V таван жилийн төлөвлөгөөндөө тусгаж оруулсан л даа. Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Өвдөгхудагийн уурхайг ЗХУ-ын хөрөнгөөр бариулах шийдвэр ингэж гарсан юм. Энэ үед Шарын голын нүүрсний уурхай ид сайхан ажиллаж байлаа.

Гэхдээ Шарын голын уурхай, Налайхын уурхай нэгэнт Монгол орны эрчим хүчний хэрэгцээг нүүрсээр бүрэн хангах боломжгүй, хүчин чадал нь хүрэхгүй байсан болохоор Өвдөгхудагийн нүүрсний ордыг ашиглах нь зүйтэй гэж үзэж л дээ, төр засаг.  Тэгтэл Өвдөгхудагийн ордын нүүрс хүхэр ихтэй, цахилгаан станцад хэрэглэж болохгүй, усны нөөцгүй гэдэг нь тодорхой болсноор хүндхэн асуудлуудтай тулгарч  эхэлсэн. Ийм хүндрэлээс гарах нэг арга нь Шарын голын уурхайн өргөтгөл, нөгөө талдаа Хэрлэн голын хөвөө  Багануурын бүсэд нүүрсний томоохон орд байж магадгүй гэсэн сонирхолтой  дүгнэлтийг Зөвлөлтийн уулын ашиглалтын инженер  Анри Белинкин хийсэн.

Үүгээрээ энэ хүн Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн эсрэг үг хэлж байгаа хэрэг. Ингээд Монгол улс яахаа мэдэхгүй байж байтал Эрдэнэтийн орд дээр хайгуул хийж дуусгаад нутаг буцах гэж байсан “Зарубежгеологи”-ийн ангийг Багануур дээр хайгуул хийлгэх шийдвэрийг хоёр улсын Засгийн газар гаргасан нь маш азтай тохиолдол болсон. Ингээд 1976 оноос Багануурт “Зарубежгеологи”-ийн анги хайгуул хийгээд томоохон хэмжээний нүүрсний давхарга байгааг илрүүлчихлээ. Улмаар нөөцөө тогтоож, 1977-1980 оны хооронд буюу гуравхан жилийн дотор уурхайн эхний  ээлжийг ашиглалтад оруулсан.

Монгол улсын нүүрсний асуудлыг шийдэх эхний ажил нь жилд 1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай Шарын голын нүүрсний уурхайг 2,5 сая тоннд хүргэх хэрэгтэй гэдгийг ЗХУ-ын Нүүрсний аж үйлдвэрийн сайд Б.Ф.Братченко манай нэг хүлээн авалтан дээр шууд хэлсэн байдаг юм. Ингээд л Шарын голын уурхайг өргөтгөх  ажил эхэлж, зэрэгцээд Багануурын уурхайн зураг төсөл хийх ажил ч өрнөсөн дөө.

Багануурын уурхайг ашиглалтад оруулах түүхэн нөхцөл ингэж бүрдсэн юм байна. Дараагийн том ажлууд ар араасаа ундарсан нь мэдээж. Та түрүүн гуравхан жилийн дотор уурхайн эхний ээлжийг ашиглалтад оруулсан гэж хэлсэн. Уурхайн бүтээн байгуулалтыг маш богино хугацаанд, амжилттай хийжээ?

Багануурын  уурхайн  геологи хайгуулын тайлан гарч, нөөц батлагдсаны дараах техникийн зураг төсөл хийх ажлыг уулын  ашиглалтын инженер Анри Белинкин удирдсан. Үүн дээр ЗХУ-ын  Гипрошахт институтын байгууллагын удирдлага дор 23 институт ажилласан гэхээр ямар нүсэр ажил өрнөсөн нь тодорхой харагдаж байгаа биз. Анри Белинкин энэ хооронд Багануурын уурхайд хичнээн ч удаа ирсэн юм бэ дээ. Үндсэндээ  уурхайн анхны зураг төсөл гарч ирэхтэй зэрэгцээд барилга байгууламжийн ажлууд эхэлсэн юм. Энэ үед бас нэг аз тохиолдсон нь Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцсон “Мед молибден строй”-гоор Багануурын уурхайн цогцолборын бүх барилга, байгууламжийг бариулахаар болсон шийдвэр.

“Мед молибден строй” асар том үйлдвэрлэлийн баазтай. Үүнийгээ яах вэ гэдэг асуудал тухайн үед гарч ирж байлаа. Багануурт Зөвлөлтийн 17 барилгын байгууллагын  удирдах баг ажилласан юм шүү. Нэг хэсэг нь монтажаа хийж байхад, нөгөө нь засаг чимэглэлийн ажил хариуцаж, багаж тоног төхөөрөмжүүдээ нийлүүлж байх жишээтэй. Энэ бол хөдөлмөрийн үнэхээр том хүч л дээ. 1979-1987 оны хооронд Багануурт  олон зуун хүн бужигнаж  байлаа.  ЗХУ-ын 16 Бүгд Найрамдах Улсаас ирсэн барилгачид Багануурын уурхайг хоттой нь барьж байгуулсан. 145 мянган метр квадрат орон сууц, 964 хүүхдийн суудалтай гурав, 820 хүүхдийн суудалтай хоёр сургууль, 282 хүүхдийн суудалтай 5 цэцэрлэг гээд иж бүрнээр бүтээн босгосон.

Соёлын ордон, биеийн тамирын заал, танхим, Багануур хотын захиргааны ордон гээд бүгдийг л барьж байгуулсан. Анх 50 мянган хүн амтай байхаар тооцсон Багануур хотод одоо 35 мянга орчим хүн амьдарч байна. Өнөөдөр Багануур хот шиг хүүхдийн цэцэрлэгээр иж бүрэн хангагдсан  газар Монголд байхгүй. Улаанбаатарт хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж тулалдаан  болж байхад Багануур цэцэрлэгтээ хүүхэд авах гэж өрсөлдөөн болж байна. Ерөөсөө Багануурт энэ мэтчилэн нийгэм, ахуйн чанартай бүх асуудал анхнаасаа  шийдэгдсэн юм.

Бүтээн байгуулалтад мэргэжлийн барилгачдаас гадна цэргүүд, илгээлтийн эзэд гар бие оролцсон  гэж сонсож байсан юм байна?

Зөвлөлтийн 2000 барилгачнаас гадна зохион байгуулалттай барилгачид гэж нэрлэгдсэн  Зөвлөлтийн 1500 орчим цэрэг, Монгол барилгачдын 500 орчим ажилчин, Төв, Дундговь аймгуудаас болон Улаанбаатарын 54, 48-р сургуулиас ирсэн 2000  гаруй илгээлтийн эзэд гээд нүсэр хүчээр Багануурын уурхайг хоттой нь босгосон. Багануурт 10 мянган хүнтэй цэргийн том девиз байлаа. Орос, Хятадын харилцаа тааруу байсан учраас тэнд цэргүүдийг  олноор нь байрлуулж байж л дээ. Бүтээн байгуулалтад мөн Улаанбаатар төмөр зам, Багануур, Багахангайн төмөр замын барилгачид, эрчим хүчний инженер, техникийн барилгачид  хүчин зүтгэсэн.  Илгээлтийн эзэд бүгд мэргэжилтэй болсон. Хүмүүсээ сургаж бэлтгэх гээд бөөн л ажил ундардаг байж билээ. Белазын жолоочийг гэхэд Эрдэнэт, Шарын голын уурхай руу явуулж сургана. Цахилгаан экскаваторын машинч хагас жил сургалтад хамрагдаж байж жолоодох эрхтэй болно. Хамгийн сайхан нь Багануурт баригдсан бүх орон сууцны барилга уурхайн захиргааны мэдэлд байсан. Би хамгийн түрүүнд уурхайчиддаа, инженер техникийн ажилтнууддаа байр хуваарилж байлаа. Хотын захиргааны дарга нар надаас өөрсдийн ажилчдадаа байр өгөхийг гуйна. Зөвлөлтийн барилгын удирдлагууд бүгд надад ажлаа тайлагнадаг, зөвлөлдөг байлаа.

Та Багануурын уурхайн анхны даргаар ажиллахаас өмнө Шарын голын уурхайн ерөнхий инженер байсан байх аа. Багануурын уурхайтай ямар сэжмээр хувь заяагаа холбосон юм бэ?

Би 1965 онд хуучнаар Ленинградын Уул уурхайн их сургуулийг төгссөн. Төгсөж ирээд Бүрэнцогтын гянтболдын уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн юм. Гэвч осолд орсоноос хойш далд уурхайд ажиллах боломжгүй болж, 1967 онд Шарын голын уурхайд яамны томилолтоор очсоноос хойш миний амьдрал нүүрсний салбартай холбогдсон. Намайг Шарын голын нүүрсний уурхайд очиход уурхай дөнгөж ашиглалтад орсон байлаа. Тэнд найман жил ерөнхий маркшейдер, ерөнхий инженерээр ажиллаад дараа нь Багануурын уурхайн даргаар 12 жил ажилласан. Тэнд миний бүх ажил, амьдралын бүтээн байгуулалт өрнөсөн. Багануурын хувьд анхны бие засах газраас сүүлчийн том барилгыг дуустал зөвхөн миний гарын үсэгтэй хүлээж авсан байдаг. Хамгийн сүүлд 6 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний уурхайг улсын комисс нь гарын үсэг зураад хүлээн авч билээ. Ингээд яамны орлогч сайдын албан тушаалд томилогдоод хоёр жил болсны дараа багшийн ажилд шилжиж өнөөдрийг хүрлээ. Уурхайн дарга нараас  анхны гавьяат нь би юм билээ.

Таныг томилогдож очихоос өмнө Багануур түр уурхайн хэмжээнд ажилладаг байсан гэсэн?

Тийм ээ. Би 1979 оны аравдугаар сард Багануурын уурхайн даргаар ирсэн. Намайг ирэхэд Багануурын түр уурхай  жилдээ 170 мянган тонн нүүрс олборлодог байлаа. Яамны орлогч сайд Н.Эрдэнэ намайг энд хүргэж ирсэн юм. Уурхай иж бүрэн ашиглалтад ороогүй байхдаа нүүрсээ түр уурхайгаас гаргадаг байж. Намайг ирсэний дараа эхлээд 400 мянган тонн нүүрсийг Улаанбаатарт нийлүүлээд дараа нь нэг сая, хоёр сая, дөрвөн сая тонноор  нэмэгдсээр 1992 онд 6 сая тонн олборлох хүчин чадалтайгаар  уурхайн үйл ажиллагааг өргөтгөсөн юм.

1988 онд хамгийн их буюу 4 сая 53 мянган тонн нүүрс олборлож байсан. Багануурын уурхай тэр үедээ Владивостокийн цахилгаан станцуудад  1 сая тонн нүүрс экспортлож байлаа шүү дээ. Монгол улс түүхэндээ анх удаа гадаадын оронд нүүрсээ экспортлосон түүх Багануураас эхтэй.

Өнгөрсөн жил Багануурын уурхай 4 сая 17 мянган тонн нүүрс олборлосон байна. Энэ үнэхээр том амжилт биз?

Тэгэлгүй яах вэ. Маш том амжилт шүү. Үүнээс өмнө бол 3.800.000-3.900.000 тонн нүүрс л олборлодог байлаа. Э.Номинчулуун захирал сайн ажиллаж байна гэж би хувьдаа харж талархаж байгаа. Намайг уурхайн дарга байхад 120 инженер, 1500 ажилчинтай байсан. Одоо энэ уурхайд 1100 хүн ажиллаж байна. Багануурын уурхайн ажилчид их сайн ажиллаж байгаа нь тодорхой байна. Уурхайн эдийн засгийн үзүүлэлтүүд 2017 оноос сэргээд эхэлчихэж. Цаашдаа ногдол ашиг хуваах нөхцөл ч  бүрдэж. Төр засгийн зүгээс ч Багануурын уурхайд  тодорхой арга хэмжээ авсан байна. Үүний нэг нь нүүрсний борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн явдал. 1 тонн нүүрсийг 31 мянган төгрөгөөр олборлодог. Тэгвэл дулааны цахилгаан станцуудын худалдаж авах үнийг 33000 төгрөг болгож өсгөсөн байна. 3000 төгрөгийг 4 сая тонн нүүрсээр үржүүлбэл их тоо гарна. Үүнээс гадна Багануурын уурхай Японы Засгийн газрын тусгай зээлийн өр болох 67 сая ам.долларын өртэй байсан. Энэ өрийг Засгийн газраас нь тэглэчихэж. Одоо бол ил уурхай нэг их зовж зүдрэхгүйгээр өөрийгөө аваад явчих хэмжээнд очиж байх шиг байна. Ажилчдын сэтгэл санаа  ч өөдрөг сайхан байна.

Багануурын уурхай анх бий болгосон уулын ажлын төлөвлөлт, горимоороо явагдаж байгаа юу?

Багануурын уурхай  уулын ажлын горимоороо явж байна. Мэдээж ашиглалтын технологи талаасаа зураг зүйн хувьд зарим зүйл өөрчлөгдсөн. Энд нэг зүйлийг хэлэхэд  Монголд цорын ганц цахилгаанжсан төмөр замын тээвэртэй уурхай нь Багануур байлаа шүү дээ. Гэтэл улс даяараа зах зээлийн нийгэмд шилжсэнээс үүдээд ЗХУ-аас нийлүүлдэг цахилгаанжсан төмөр замын сэлбэгүүд олдохоо больж, нөгөө талаас дэлхийг дамнасан компаниуд уул уурхайн том экскаватор оруулж ирэх  болсон. Техник, технологийн энэ шинэчлэлийг Багануур дагахаас аргагүй. Японоос зээлээр  том чадлын машинууд  худалдаж авсан ч ийм учиртай.

Хэрэв хуучин нийгмийн систем хэвээр үргэлжилсэн бол Багануур цахилгаанжсан төмөр замтай байх байлаа. Тухайн үедээ ЗХУ-д мэргэжил эзэмшсэн төмөр замын 15 залуу боловсон хүчин, инженер залуусыг Багануурт авчирч ажиллуулсан. Тэгэхээр Багануурын уурхай зөвхөн уурхайчид төдийгүй төмөр замчдыг ч бэлтгэсэн. Тэдний  нэг нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д. Жигжиднямаа.

Уулын ажил технологи талаасаа өөрчлөгдсөн болохоос биш горимоороо явагдаж байна гэлээ. Туршлагатай мэргэжилтний хувьд хэлэхэд цаашид анхаарах зүйлүүд юу байна вэ?

Маш сайхан, цэгцтэй явагдаж байгаа уулын ажлын хэмнэлээ л алдахгүй яваад байх хэрэгтэй. Уурхайгаар явах зам дагуу, ойр орчимд мод тарьчихсан байгаа биз. Өмнө нь бол энд хөрсийг нь эргүүлсэн шороо тоос л байлаа. Овоолгын хажуугаар мод тарьсан нь надад үнэхээр сайхан санагдсан шүү. Багануурын уурхай дор хаяж 628 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүнийг 100 саяыг нь олборлосон гэж үзвэл цаана нь 500 сая тонн нүүрсийг ашиглах боломжтой.

Жилд 5 сая тонныг олборлоход  уурхай лав  100 жил ажиллахаар байна. Та нар уурхайнхаа хүчин чадлыг жилд 5 сая тонноос битгий хэтрүүлээрэй, 100 жилд ийм хэмжээний нүүрс гаргах уурхай Азид ховор шүү гэж би саяхан Багануурын удирдлагуудад зөвлөсөн. Уурхайн хувьд эрийн цээнд хүрсэн, ид сайхан үе дээрээ ирж байна.

Уурхайн дэргэд том чадлын цахилгаан станц, шахмал түлшний  үйлдвэр байгуулна  л гээд байгаа. Би үүнийг буруу гэж хэлэхгүй ч  дэд бүтэц, орчин нөхцөл энэ тэрээ бодолцоод Багануурын уурхайн энэ сайхан хот тохижилт, гэр хорооллоо битгий эвдчихээсэй гэж хүсдэг. Багануураас 40 километрийн зайтай Цайдам нуурын нүүрсний том орд бий. Тэндээсээ нүүрсээ зөөгөөд байж болно. Багануурт биш, Цайдам нуурын уурхайн аман дээр цахилгаан станцаа байгуулаад  эрчим хүчээ гаргах боломжтой гэж үздэг. Хэрэв ийм шийдэл гарвал Багануурын дүү Цайдам нуур хот дагалдан босох ирээдүйтэй.

Цахилгаан станц гэснээс Багануурын уурхайд цахилгаан станц байгуулах ажил хуучин нийгмийн үед хүчтэй яригдаж байсан юм билээ. Энэ ажил яагаад зогсчихсон юм бэ?

Анри Белинкиний номонд дурьдсанаар Багануурт 100 мянган хүн амтай байгуулах зорилготой байж. Хайгуул дээр аз тохиосон, барилга байгууламж,  бүтээн байгуулалт дээр аз тохиосон ч хамгийн азгүй нь 1991 оны хоёр улсын өөрчлөн байгуулалтын давалгаанаар Цахилгаан станцаа барьж чадаагүй. Нийгмийн энэ том өөрчлөлт гуравхан жил хойшилсон бол бид Багануурт цахилгаан станцаа барьчих байлаа. Саяхан би тэр цахилгаан станцын суурийг очиж үзлээ. Цахилгаан станцаа байгуулах гээд бүх зүйлээ бэлтгэчихсэн, уурхайгаас 8 сая тонн нүүрс олборлож нийлүүлэх бүх зураг төслийг боловсруулсан байсан юм.

Багануурын уурхайд өдгөө 30-40 жилийн насжилттай техникүүд ажилласаар л байна. Зарим хүмүүс уурхайн технологид томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй гэж байхад нөгөө хэсэг нь одоо байгаагаа засч янзлаад яваад байхад болно гэсэн бодолтой байдаг. Таны хувьд?

Техникийн насжилт гэж битгий бодоорой, сайн л тордоод бай гэж би зөвлөдөг.  Энэ техникүүд чинь дан төмрөөс бүтсэн учраас засч сэлбээд байх боломжтой. Тэр байтугай Багануурын уурхайчид өөрсдөө экскаваторын шанага үйлдвэрлэдэг болсон байна. Энэ бол маш том амжилт.

Ер нь өнөөдрийн өндөрлөгөөс харахад Монголын тэргүүлэх уурхайн мэргэжилтнүүдийн дийлэнх нь Багануур, Шарын голын уурхайгаас төрж гарсан байдаг. Үүгээрээ Багануурын уурхай уул уурхайн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй  байх?

Үнэхээр Багануурын уурхайд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд Оюутолгой, Тавантолгой гээд томоохон уурхайнуудад ажиллаж байна. Шивээ-Овоогийн уурхайн ажилчдын дийлэнх нь Багануураас төрж гарсан хүмүүс. Уурхайн дарга Н.Шагдаржав гэхэд намайг ажиллаж байх үед хэлтсийн дарга байлаа. Багануурын уурхайн Авто үйлдвэрлэлийн хэлтсийн дарга  Д.Эрдэнэбат, Цахилгаан цехийн дарга Х.Балсандорж нар хожим төрийн түшээ болсон.Мөн технологийн хэлтсийн даргааар ажиллаж байсан Р.Сундуй мэргэжлийн яамны газрын дарга, Ерөнхий механик Ж.Хишигт, хэсгийн дарга Д.Дамбапэлжээ, ерөнхий маркшейдер Т.Шуурай, цехийн дарга Б.Гантөмөр Багануурын уурхайн дарга болцгоосон.

Ерөнхий инженер Ж.Жамъян  “Мон Маг” ХХК-ийн Ерөнхий захирлаар  ажиллаж байна. Одоо ч мөн Багануурын уурхайн хэсгийн дарга   уурхайгаа удирдаж байна. Ер нь Багануураас Монголын нүүрсний салбарын сүүлийн үеийн  бүх боловсон хүчин гарсан. Нүүрсний салбарт анхны боловсон хүчин нь Налайхын уурхайгаас эхтэй. Дараагийнх нь Бүрэнцогтоос гаралтай. Бор-Өндөрийн хайлуур жоншны уурхайчид бүгд Бүрэнцогтын уурхайн хүмүүс. Харин Шарын  голын уурхайн ажилчдыг Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, Налайхын уурхайн хүмүүс бүрдүүлж байна. Уул уурхайн салбарын боловсон хүчин ингэж нэг нэгийгээ нөхөж, хөгжүүлж, дэмжиж байдаг бичигдээгүй хуультай.

Ярилцлагын төгсгөлд Багануурын уурхай, Тавантолгойн уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулж, Монголын нүүрсний аж үйлдвэрийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, таны анд нөхөр Анри Белинкиний талаар асууя. Түүний өдрийн тэмдэглэлээр бүрдсэн “Монголын нүүрсний салбарын ил товчоон” номыг та хөрвүүлж уншигчддын гар дээр тавьсан.

Белинкин бол үнэхээр Монголын төлөө их зүйл хийсэн. Энэ хүн яагаад Монголын төлөө Гипрошахт зураг төслийн институт, Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комисс, Эдийн засгийн хамтын ажиллагааны хороо гэсэн том байгууллагуудын удирдлагуудтай үзэлцэж байсан юм бэ.  Тэр бол Монголын төлөө зүрх сэтгэлтэй хүн. Монголын нүүрсний салбарт өөрийн 45 жилийн амьдралаа зориулсан энэ агуу  хүмүүнийг Багануурын уурхайн 40 жилийн ойн арга хэмжээндээ урьсан.

Анри Белинкинийг  1975 онд Шарын голын нүүрсний уурхайн өргөтгөлийн зураг төслийг хийх үеэр бид хоёр анх танилцаж байлаа. Адуунчулууны уурхайн өргөтгөлийн зураг төсөл, Тавантолгой ордын нүүрсний орд газрыг ашиглахтай холбоотой геологи хайгуулын ажилд шаардлагатай  ТЭЗҮ-ийг энэ хүн зохиосон. Дараа нь, Тавантолгой нүүрсний ордыг жилд 20 сая тонн нүүрс олборлох ТЭЗҮ-ийг бас л  Анри хийсэн.  Энэ талаарх мэдээлэл бүхий 132 боть ном одоо яамны фондод бий.  Би зөвхөн түүний хийсэн ажлуудаас ганц нэг жишээг дурьдаж байгаа нь энэ шүү. Түүний нөр их хөдөлмөрийг Монголын төр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.

Тэрээр  Монголын нүүрсний уурхайн түүхийг нэг бүрчлэн маш сонирхолтойгоор бичсэн “Монгольский дневник” номоо 2015 онд бидэнд илгээсэн нь өнөөдөр “Монголын нүүрсний салбарын ил товчоон” нэртэйгээр уншигчдад хүрээд байгаа юм.

Анри Белинкин номынхоо төгсгөлд “Би дахиад Багануурын сайхан уурхайг харж чадах болов уу. Агуу их Хэрлэн голынхоо хөвөөнд очиж чадах болов уу” гэж бичсэн байсан. Тэгвэл удахгүй энэ эрхэм хүн  уурхайчдын урилгаар Монголд минь ирэх нь ээ.

Ярилцсан Танд баярлалаа. 

Wagner Asia
Komit
Mera
Za mine