"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Түүхэн замнал

“Багануур” ХК нь анх 1978 онд албан ёсоор байгуулагдаж  эзгүй зэлүүд байсан Нүүрэнтэйн хөндийн нүүрсний орд газрыг түшиглэн Багануурын уурхайн их бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан. Түүнийг түшиглэн томоохонд тооцогдох хотын суурь 1980 онд тавигдаж байсан бол  өнөөдөр уул уурхай, дэд бүтэц хөгжсөн, соёл, боловсрол, эрүүл мэнд, холбоо харилцаа, худалдаа, үйлчилгээний томоохон төв  болон хөгжсөн байна.

Монгол, Оросын ард түмний гар, сэтгэл нийлсэн нөр их хөдөлмөрөөр бүтээн байгуулсан “Багануур”-ын нүүрсний уурхай өнөөдөр жилд 3,0-3,2 сая тонн нүүрс олборлон борлуулж   Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 60 орчим хувийг олборлож эх орныхоо тэргүүлэх үйлдвэр болтлоо өсөж хөгжсөн.

1978 оны 2 дугаар сарын 22 ны өдөр Бага гүн нуурын зүүн дэнжид уурхайн анхны гэр баригдаж мөн оны 3 дугаар сарын 1 нд анхны тэсэлгээ хийж жилд 300.0 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайг барьж байгуулах их ажил өрнөсөн.
Үүнээс 6 сарын дараа буюу 1978 оны 9 дүгээр сарын 2 нд уурхайг улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулж анхныхаа нүүрсийг гаргаснаар Багануурын нүүрсний уурхай байгуулагдсан түүх эхэлдэг.

Тухайн үед Багануурын орд газарт жилд 6.0 сая тонн нүүрс олборлох ил уурхайг байгуулах тухай БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэр гарч уурхайн зураг төслийг ЗХУ-ын Ленинград хотын “Гипрошахт” институт болон бусад 15 институтын оролцоотойгоор амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Энэ төслийг хэрэгжүүлэхээр 1978 онд Зөвлөлтийн “Медьмолибден строй” барилгын удирдах газрын харъяа Зөвлөлт-Монголын барилгачид Багануурын түлшний томоохон цогцолборыг босгох ажлын эхлэл тавигдсан юм.

1978 оны    10-р   сарын   04   нд    Багануур   Багахангайн   төмөр   замын хөдөлгөөнийг нээж, 1978 оны 12-р сард Улаанбаатар-Багануурын 220 кВт-ын  урт өндөр хүчдлийн шугамыг ашиглалтад оруулснаар энд их уурхай барьж байгуулах үндсэн нөхцлүүд хангагдаж Багануурын түлшний  иж бүрэн цогцолборыг босгох эхний алхамууд амжилттай биелэгдсэн байна.

1979 оны 11-р сарын 16 нд барилгын баазын үндсэн объектууд, 1980 оны 12 дугаар сарын 24 нд 15.0 мян.м2 талбайтай орон сууцны хороолол, соёл ахуйн үйлчилгээний барилгуудын хамт ашиглалтад оруулснаар Багануур хотын суурь тавигдаж байсан бол өнөөдөр 30 шахам мянган хүн амтай хот болон хөгжиж байна.

1983 оны 7 дугаар сарын 3 нд ЭШ 15/90 алхагч экскаватор ашиглалтанд орсноор уурхайн  эхний  ээлжийг ашиглалтад оруулах  нөхцлийг бүрдүүлж 1982 оны 12 дугаар сарын 17 нд жилд 1.0 сая тонн нүүрс олборлох хүч чадалтай эхний ээлжийн тоног төхөөрөмж барилга байгууламжуудыг ашиглалтад оруулсан.

1985 онд 20 мЗ багтаамж бүхий шанагатай аврага том ЭШ 20/90 экскаваторыг ашиглалтад  оруулсан   нь  үйлдвэрийн   ажиллагаанд  онцгой   ач   холбогдолтой болсон байна. 1981-1985 оны хооронд уурхай одоо ч Монголд байхгүй өндөр хүчин чадал бүхий аврага техник болох ЭШ15/90, 20/90 гэсэн экскаваторуудыг эзэмшсэн юм. Үүний дүнд уурхайн нүүрс гаргалт жил ирэх тутам нэмэгдэн 1987 оны 12 дугаар сарын 29 нд уурхайн жилд 2.0 сая тн нүүрс олборлох нийлбэр хүч чадлыг бүрэн хэмжээгээр хүлээн авч ашиглалтад оруулсан юм.

1989 оны 1 дүгээр сарын 31 нд Багануурын уурхай жилд 4.0 сая тонн нүүрс олборлох хүч чадалтай II ээлжийн    эхний хүч чадлыг хүлээн авч ашиглалтад оруулсан.

1990 он гараад хэдийгээр Монгол оронд улс төр нийгэм эдийн засгийн харилцаанд шинэ өөрчлөлт шинэчлэлт эхлэж Зөвлөлт Монголын ард түмний найрамдал Зөвлөлтийн хүмүүсийн урьд жилүүдэд хийж бүтээн байгуулж өгсөн их ажлыг үгүйсгэх хандлага газар авч байсан боловч Зөвлөлтийн  барилгачид өөрсдийн хүлээсэн үүрэгтээ үнэнч байж Багануурын  нүүрсний уурхайн жилд 4.0 сая тн нүүрс гаргах 2 дахь ээлжийн эхний байгууламжийг барьж дуусган 1992 оны 1 дүгээр сарын 25 нд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан.
Ингэж Багануурын түлшний иж бүрэн цогцолбор 6 үе шатаар 14 жилийн турш Зөвлөлт Монголын инженерүүд, барилгачид, уурхайчдын нөр их хүч хөдөлмөрөөр зэлүүд байсан Нүүрэнтэйн хөндийд Монгол улсын түлшний салбарын томоохон бааз болсныг өнгөрсөн хугацааны түүх харуулж байна.
Улс орон даяар өрнөсөн нийгэм, эдийн засгийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих өөрчлөн байгуулалтын сөрөг үр дагавар манай уурхайг ч тойрч өнгөрөөгүй юм.

1992-1998 он бол Багануурын хувьд хүнд бэрх жилүүд байлаа. Үйлдвэрлэлийн хэмжээ 1990 оноос эхлэн жил дараалан буурч үүнийг дагаад хөрс хуулалтын хэмжээ ч буурч, төмөр замаар тээвэрлэх хөрсний ажлын явц хангалтгүй болсноос алхагч экскаваторуудын фронтыг хангаж чадахгүйд хүрч, уурхайн санхүү хүндэрч, эрчим хүч уурхай хоёрын дунд асар их өр үүсч, сэлбэг материалын нийлүүлэлт бууран нүүрсний нөөц хүндэрч Монгол улсынхаа нийслэлийг хөлдөөхгүйн төлөө өдөр шөнө нойр хоолгүй зүтгэж дээрх хүндрэлийг манай уурхайчид өөрсдийн сэтгэл зүрхээрээ даван туулж ирсэн.
Уурхайн удирдлага, ИТА-нууд олон улсын төслийн группүүдтэй хамтран ажиллаж уурхайн ирээдүйн автомашины тээврээр хуулах хөрсийг эрчимжүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 32 тонны даацтай өөрөө буулгагч автомашин, 320 морины хүчтэй бульдозерыг 1992 оны 2 дугаар сард, АНУ-ын ОУХА-н тусламжийн хөрөнгөөр 1993 онд бульдозер, 6 мз шанагатай ачигч, автогрейдер зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч ашиглалтад оруулсан нь уурхайн хөрс хуулах ажлыг эрчимжүүлэн хүндрэлээс гарах, дэлхийн тэргүүний техник нэвтрэх үндэс суурийг тавьсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Багануурын уурхайг Засгийн газрын өмч хувьчлалын шийдвэрээр төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгон өөрчлөх шийдвэр 1994 онд гарч 1995 оны 3 дугаар сард хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурал хуралдаж Багануур ХК-нийг үүсгэн байгуулсан.

1993 оноос Япон улсын засгийн газрын гадаадтай хамтран ажиллах нийгэмлэгийн хийсэн Монгол улсын нүүрсний салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, 1994 онд Дэлхийн банкны хийсэн төвийн районы нүүрсний хангамжийг сайжруулах судалгааны үр дүнгээр манай компанид урт хугацааны хөнгөлттэй зээл олгож уурхайг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд хамтран санхүүжүүлэхээр шийдвэрлэж төсөлийг боловсруулах ажил 1995 онд эхэлсэн.
“Монгол нүүрс” төсөл нь Монголын нүүрсний үйлдвэрлэлийн бууралтыг зогсоож, Багануурын уурхайн нүүрс олборлолтыг жилд 4.0 сая тоннд хүргэх,  төвийн хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээг найдвартай хангахын тулд Багануурын уурхайн уул, тээврийн болон бусад тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд бүрэн бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, боловсон хүчний менежментийг сайжруулах, урт хугацааны туршид хүрээлэн буй орчныг тогтвортой хамгаалах боломжтой арга, горимоор ажиллуулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх зорилготойгоор 1996-2002 оны хооронд төсөл хэрэгжсэн.

Энэхүү төслийн хүрээнд Катерпиллар маркийн 90 тоннын даацтай САТ-777 хөрс тээврийн автосамосвал, Комацу маркийн 40 тоннын даацтай HD-405 нүүрс тээврийн автосамосвал, нүүрс бутлан ачих зориулалттай технологийн дамжлага, гинжит болон дугуйт бульдозер, автогрейдер, Терекс маркийн зам усалгааны машин, D50KS өрмийн машин болон дугуй засварын багаж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, байгаль орчны шинжилгээний иж бүрэн лаборатори зэргийг дагалдах сэлбэг хэрэгслийн хамт орж ирсэн.

Төслийн хүрээнд 1998 оноос хөрс хуулалтын төмөр замын системийг бүрэн өөрчилж, автотээврийн системд шилжүүлснээр уурхайн автаар тээвэрлэх хөрсний хэмжээ 2-2.6 дахин нэмэгдсэн. Улмаар авто тээврээр хуулах хөрсний хэмжээ өссөнөөр уурхай хөрс хуулалтын хоцрогдлоос гарах, технологийн зөв горимд орох сайхан боломжийг бүрдүүлж чадсан.

Багануурын уурхайг өргөтгөн шинэчлэх “Монгол нүүрс” төслийн техникийн тусламжийн хүрээнд АНУ-ын “Норвест майн сервис” компани уурхайн уулын ажлын байдалд иж бүрэн судалгаа явуулж, 2017 он хүртэлх урт хугацааны төлөвлөлтийг хийж өгсөн нь үйлдвэрлэлийн бодит боломжийг тооцоход чухал ач холбогдолтой ажил болсон.
Түүнчлэн Австралийн Артур Андерсэн компанитай хамтран компанийн санхүү, бүртгэлийн ажлыг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад шилжүүлж, иж бүрэн программ хангамж, сүлжээг бий болгосноор үйлдвэрлэлийн өртөг зардлыг хэсэг, нэгж бүрээр тогтмол хянаж, дүгнэлт хийх боломжтой болсон.
Мөн дан ганц уурхайн үйл ажиллагааг тогтворжуулаад зогсохгүй дулааны цахилгаан станцууд түүнчлэн МУ-ын түлш эрчим хүчний  салбарын тогтвортой байдлыг хангаж өгснөөрөө маш чухал ач холбогдолтой төсөл болсон.

“Монгол нүүрс” төсөл хэрэгжсэнээр өндөр хөгжилтэй орны шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг ашиглах болсон нь Багануурын уурхай төдийгүй нүүрсний салбарт анх удаа хэрэгжсэн маш том шинэчлэлт, онцлог үйл явдал байсан төдийгүй орчин үеийн техник, тоног төхөөрөмж дээр ажиллах, түүнийг оншлох засварлах чадварлаг боловсон хүчинтэй болж чадсанд төслийн томоохон ач холбогдол оршино.
Мөн уг төслийн хүрээнд 1999 онд уул уурхайн салбарт анх удаа уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрч гэмтсэн хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд ихээхэн анхаарч ажиллан нөхөн сэргээлтийн ажлыг бэлчээрийн зориулалттайгаар хийж өнөөдрийн байдлаар жилд 90 гаруй га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийсэн бөгөөд үүнд жилд 350.0-400.0 сая төгрөг зарцуулж байна.

2003-2004 онд төслийн хүрэээнд ДЦС-ууд нүүрсний төлбөрийг 120-150%-тай хийж  гүйцэтгэн өр авлагыг ихээхэн бууруулсан нь компанийн санхүүгийн байдал сайжирч 90 тоннын даац бүхий   Комацу HD-785 маркийн хөрс тээврийн автосамосвал 5 ширхэгийг, зам усалгааны Терекс  маркийн автомашин 1 ширхэгийг  өөрийн хөрөнгөөр худалдан авсан нь  томоохон амжилт юм.

Харамсалтай нь энэхүү төсөл хэрэгжсэнээр Багануурын уурхайн эдийн засаг санхүүг сайжруулах тодорхой зүйл заалт орсон боловч тухайн үеийн улс төрийн байдал улс орны эдийн засгийн байдлаас хамаарч нүүрсний үнийг хатуу барьж байсан нь энэ уурхайн ирээдүйн хөгжилд ихээхэн саад учруусан.

2000-2003 онд ажилтнуудын нийгмийн хамгаалалд байнга анхаарал тавьж нийт 192 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан бол 2008 онд 335 айлын орон сууцыг эзэмшигчдэд үнэгүй хувьчилсан.

2004 онд манай хамт олон гадаад орчиндоо зохицох, бүх шатны удирдлагын арга барилыг өөрчилж, үйл ажиллагааны шинэлэг түвшинд хүрэхээр “Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөрийг Үндэсний бүтээмж хөгжлийн төв, Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж МУ-ын ерөнхийлөгчийн “Бүтээмжийн шагнал”, Монгол улсын бүтээмжийн хөдөлгөөний манлайлагч байгууллага, олон улсын “Загвар компани”-ын гэрчилгээ олгосон нь манай уурхайчдын ажлын үнэлгээ болсон.

“Багануур” ХК нь өөрчлөлтийн менежмент хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилго, байгууллагын уриаг бий болгож хэрэгжүүлэх ажилдаа хамт олныхоо хүч анхаарлыг чиглүүлж ажиллаж байна

2006 оны 6-р сард Багануурын уурхай өөрчлөлтийг хэрэгжүүлж байгаа арга туршлагаасаа хуваалцах зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Өөрчлөлтийн менежментийн олон улсын жишиг үйлдвэрийн газар болсон нь” сэдэвт Үндэсний Семинарыг өөрийн уурхай дээрээ зохион байгуулсан нь манай үндэсний томоохон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн компаниуд оролцон бие биенээсээ суралцаж, арга туршлагаа хуваалцах завшааныг олгож өгсөн юм. Түүнчлэн Монгол улсад анх удаа олон улсын хэмжээнд үлгэр болохуйц “Өөрчлөлтийн менежмент” хэрэгжүүлсэн тухай кэйзийг Азийн бүтээмжийн байгууллага, Дэлхийн бүтээмжийн байгууллагын дэд ерөнхийлөгч доктор Saxena-ийн оролцоотойгоор  бэлтгэн туршлагаа олон улсад түгээж байна. Энэхүү кэйз нь Монголд шинэлэг болсон төдийгүй Азийн хөгжиж буй олон оронд “Өөрчлөлтийн менежмент” болон бүтээмжийн төсөл хэрэгжүүлэхэд ашиглах баримт бичиг гаргасан юм.

2006-2009 онд ЭКГ-8и, ЭКГ-10и, ЭШ-20/90 экскаваторуудын цахилгаан удирдлага болох хагас дамжуулагчийн аналог системийг орчин үеийн дэвшилтэт технологи програмчлагдсан тоон системд шилжүүлсэн нь экскаваторын удирдлагын уян хатан байдлыг сайжруулж бүтээмжийг 20-80% хүртэл нэмэгдүүлсэн. Энэхүү өөрчлөлт нь анх удаа Багануурын уурхайд хийгдсэн бөгөөд техникийн хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлсэн ажил болсон.
Уурхай ганц нэг хүний нэгэн зуурын ажил хэзээ ч байсангүй уурхай, уурхайчин гэдэг гэгээн нэрийн цаана эрдэнэ баялагийг нээсэн , өрөмдлөг тэсэлгээ хийж, хөрс хуулж тээвэрлэж, нүүрс гарган хэрэглэгчдэд хүргэж, борлуулж, техник жолоодож, засварлах эдгээр бүх ажлыг менежментийн хувьд хөтлөж, жинхэнэ хар алт болсон нүүрсээр эх орныхоо гал голомтыг бадрааж, цахилгаан дулаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үйлсэд  хүч чадал оюун бодол буй бүхнээ зориулсан, зориулсаар яваа уурхайчин бидний хувь нэмрийг үнэлж баршгүй гэдэгт итгэж байна.

Манай хамт олон 32 жилийнхээ хугацаанд нийт 252.0 сая шоо.м хөрс хуулж, 80 сая тонн нүүрс олборлон борлуулсан байна. Мөн энэ хугацаанд Багануур ХК-ийн хамт олон дотроос  ажил хөдөлмөрөөрөө шалгарч төрийн дээд одон медаль хүртсэн олон хүмүүс бий.
Тухайлбал:
МУ-ын хөдөлмөрийн баатар Б.Баатар, Б.Класбай, МУ-ын гавъяат уурхайчин С.Дүгэржав, Ж.Хишигт, Н.Мөнхбаяр, Д.Дамбапэлжээ,Г.Отгонпүрэв мөн Хөдөлөмрийн гавъяаны улаан тугийн одонгоор 5, Алтангадас одонгоор 29, Хөдөлмөрийн хүндэт медальт 41, Тэргүүний уурхайчин цол тэмдгээр 189 ажилтан шагнуулсан хөдөлмөрч хамт олон юм.

Өнөөдөр дэлхий нийтэд уул уурхай өндөр хөгжиж зах зээлийн харилцааны сонирхолтой бөгөөд хариуцлагатай цаг үед ажиллаж амьдарч байгаагийн хувьд Багануурын нүүрсний уурхай зөвхөн цахилгаан станц бусад хэрэглэгчдийг нүүрсээр хангаад тайвширах биш байгалиас заяасан энэ үнэт баялагийг хаягдалгүй ашиглах орчин үеийн техник технологи нэвтрүүлэн бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах дагалдах бүтээгдэхүүнийг ашиглах, боловсон хүчний өндөр хөгжил бий болгох удирдлагын арга барилыг цаг ямагт сайжруулж бодлого зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт өсч, өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх болсон. Уул уурхайн салбарын хөгжилд үсрэнгүй ахиц дэвшил гарч улсын эдийн засагт тэргүүлэх байр суурь эзлэх болж байна. Энэхүү ач холбогдолын үүднээс Багануур ХК 2004 оноос нүүрсийг гүний боловсруулалтын аргаар баяжуулсан дагавар бүтээгдэхүүнийг ашиглах шинжилгээ судалгааны ажлыг идэвхтэй хийж зарим тохиолдолд үйлдвэрлэлийн туршилтыг хийлгэсэн нь зохих үр дүнгээ үзүүлсэн. Тухайлбал, ОХУ-ын Красноярск хотын “Карбоника-ф” технологиор Багануурын хүрэн нүүрсийг иж бүрэн боловсруулан туршилтаар чийглэг нь 03-06%, 5800-6500 ккал/кг илчлэг бүхий хагас кокс гарган авч үүгээр нүүрстөрөгчийн адсорбент, дулааны эрчим хүч, цахилгаан эрчим хүч, ахуйн утаагүй түлш болон шахмал түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой нь тогтоогдсон.
Энэхүү туршилтын үр дүнд агаарын бохирдлыг бууруулах, дулааны эрчим хүчний дутагдлыг арилгах, хямд өртөгтэй дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэх зорилготой түлш эрчим хүчний цогцолбор байгуулах төслийг боловсруулж УИХ, ЗГ-т өргөн барьсан бөгөөд уг төсөл хэрэгжих боломжтой тул судлан ажил хэрэг болгох үүрэг холбогдох газруудад өгөгдөөд байна.

Багануур ХК ирээдүйнхээ чиг хандлагыг шинжлэх ухаан технологийн дэвшлийг ашиглаж хаягдал багатай, үр ашиг өндөртэй, компанийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын шинэ байр бий болгоход анхаарал хандуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод бүс нутгуудын хөгжлийн дотоод, гадаад нөөц болмжтой оновчтой уялдуулсан үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулж хөгжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн.
Монгол Улсын төрөөс үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулан ажиллуулах чиглэлээр явуулж байгаа бодлогыг бодит ажил хэрэг болгохын тулд Багануур ХК цаашид зөвхөн нүүрс олборлогч бус газрын хэвлийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг үр ашигтай ашиглаж “… Байгаль орчиндоо сөрөг нөлөөлөл багатай үйлдвэрлэл явуулна” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд уурхайн нүүрс хийгээд хөрс, шороо, ус гэх мэт дагалдах бүтээгдэхүүнийг үр ашигтай хаягдалгүйгээр ашиглаж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж өргөжих хэрэгцээ шаардлага гарч байна.

Үүний тулд Багануурын уурхайг түшиглэн “Үйлдвэрлэл технологийн паркын бүс” байгуулах асуудлыг тухайн үеийн Үйлдвэр худалдааны яамнаас бүх талаас нь дэмжин бодлогын бичиг баримт боловсруулсан. Уг бичиг баримтыг холбогдох яам, удирдах газраас дэмжсэн тушаал шийдвэрүүдийг гаргаж үзэсгэлэн яармагуудад танилцуулагдаж хэрэгжүүлэх ажил нааштайгаар яригдаж байна. Үүнд 10-аад үйлдвэрийн төсөл багтаж байгаа бөгөөд 2000 гаруй ажлын байр инээр бий болж компанийн эдийн засгийн үр ашиг дээшилж Багануур дүүргийн хөгжлийг хурдасгах томоохон өөрчлөлтийг бий болгоно. Энэ бүхнийг хийхэд мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын мэргэн оюун ухаан шингэсэн билээ.

Wagner Asia
Komit
Mera
Za mine