"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Байршил, дэд бүтэц

Тус компани нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км-т Төв аймгийн Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумуудтай хил залган Хэрлэн голын баруун эргийн дагуу орших Багануур дүүргийн нутагт байрладаг. Одоо тус компани нь улсын хэмжээгээр олборлож байгаа нүүрсний 55 % -ийг гаргаж, төвийн районы хэрэглэгчид, Улаанбаатар хотын эрчим хүчний гол эх үүсвэр болох ДЦС-II, III, IV станцуудыг түлшээр хангадаг.

1995 оноос Дэлхийн банк болон Япон улсын Засгийн газрын зээлээр хэрэгжиж эхэлсэн Монгол нүүрс төслийн хүрээнд уурхайн шинэчилсэн төслийг шинээр боловсруулсан ба техник, технологийн томоохон өөрчлөлтүүд хийгдэн амжилттай хэрэгжсэн. Багануурын уурхай нь төмөр болон авто замаар улсын гол замын сүлжээтэй холбогдсон учир бүтэн жилийн турш нүүрс тээвэрлэлтийг хийх боломжтой.

Улаанбаатар-Багануурын 126 км урттай 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугам, дүүргийн томоохон дэд станцтай бөгөөд эндээс гурван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Багануур дүүргийн Наран хороолол нь уурхайн үйлдвэрлэлийн талбайгаас 6.58 км зайд орших бөгөөд 22.0 мянган хүн амтай, 15.0 мян.м2 талбай бүхий орон сууцны хороолол болон бусад соёл үйлчилгээний барилга байгууламжтай.

Уурхайн үйлдвэрлэлийн талбайд иж бүрэн механикжсан нүүрсний уурхай, нүүрсийг буталж, ангилан ялгаж, ачих хоёр ширхэг шинэ технологи дамжлага, нийт дүүргийг хангах хэмжээний цахилгаан, дулаан, холбооны болон усан хангамжийн байгууллагууд, уул-тээврийн тоног төхөөрөмжийн үйлчилгээний машин засварын газрууд, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн механикжсан агуулахын аж ахуй, кислород компрессорын станц ажиллаж үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж байна.

Нүүрсний ордын орчимд усан сүлжээ сайн хөгжсөн. Ордоос урагш 12-15 км зайд Хэрлэн гол урсах бөгөөд ордын талбай дундуур Хужирт, Хуцаагийн зэрэг жижиг гол урсан өнгөрдөг. Ордын нам дор хэсэг нь олон жилийн мөнхийн цэвдэгтэй бөгөөд тэр хэсэгтээ намгархаг байна. Тус дүүрэг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилийн ба хоногийн температурын хэлбэлзэл ихтэй, газар хөдлөлтийн гүн 2-3 м хүрнэ. Ихэнхдээ хойд, баруун хойд зүгээс хүчтэй салхилдаг.

map

Wagner Asia
Komit
Mera
Za mine