Багануурын нүүрсний их уурхайн анхны шав тавигдан хөрс тээврийн автомашинууд ашиглагдаж эхэлсэн тэр цагаас эдгээр машинуудын засвар үйлчилгээг хийх тус хэсгийн үндэс тавигдаж, эдүгээ 13 инженер техникийн ажилтан, 70-аад ажиллагсадтай томоохон хэсгийн нэг болон ажиллаж байна.
Тус уурхайн түүхэнд өмнө нь ЗХУ-д ( хуучнаар ) үйлдвэрлэсэн КрАЗ-256Б, МАЗ-500 маркийн автосамосвал, С-100 бульдозер, БЕЛАЗ-540, 548 маркийн 27,40 тоннын даацтай автосомасвал, Т-130, ДЭТ-250М маркийн гинжит бульдозер, зам засварын болон тусгай зориулалтын автогрейдер, скрейпер (МОАЗ) зэрэг техникүүдийг ашиглаж ирсэн ба 1992 онд Японы засгийн газрын тусламжаар техникийн шинэчлэл хийснээр КОМАTSU фирмийн HD- 325-5 маркийн автосомасвал, D-155А-2 маркийн гинжит бульдозер, АНУ-ын CАТЕRPILLAR фирмийн САТ-988F маркийн дугуйт ачигч, САТ-824С маркийн дугуйт бульдозер, САТ-16G маркийн автогрейдерүүд ашиглалтанд орсон энэ үед тус хэсэг нь Авто гараш, Авто Хүнд Механизмын Хэсэг нэртэй байсан.
1996 оноос эхлэн мэргэжлийн засварчид засварын ажлыг хийж гүйцэтгэх болсноор Технологийн автомашин, механизмын засварын хэсэг тусдаа зохион байгуулагдан анхны хэсгийн даргаар нь С.Даваасүрэн, инженерээр нь Б.Бадрах нар ажиллаж эхэлсэн. Ингэснээр мэргэжлийн засварчид төлөвшин, шинэ техникийн засвар үйлчилгээнд суралцаж, материаллаг бааз бэхжин, улмаар мэргэжлийн ур чадвартай, дадлага туршлагатай засварчин, инженерүүдээс бүрдсэн баг бий болсон.
Одоо тус хэсэг нь 1998 онд Дэлхийн банкны зээлээр авсан сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий САТ-777D маркийн 91 тоннын даацтай автосомасвал, САТ-824G маркийн дугуйт бульдозер, HD-405-6 маркийн нүүрс тээврийн автосамосвал, D 375A-3 маркийн гинжит бульдозер, D155A-2 маркийн гинжит бульдозер, WA-700A маркийн дугуйт ачигч, TEREX 3307W маркийн усны машин, CAT-16G, GD-825A маркийн грейдерүүд, D50KS маркийн өрмийн машин, дугуй солигч FORD маркийн автомашинуудын засвар үйлчилгээг хийж байгаа ба 2003, 2005 онуудад Багануур ХК-ны өөрийн хөрөнгөөр авсан HD785-5 маркийн 90 тн-ийн даацтай хөрс тээврийн автосамосвал, САТ320В маркийн гидроэкскаватор, мөн ТЭМ 2У маркийн илчит тэрэг, КЖДЭ маркийн төмөр замын кран, ПРМ маркийн зам засварын машины засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Тус хэсэг нь ТАМ-уудын засварыг урьдчилан төлөвлөж, техникийн үйлчилгээг үечлэлийн дагуу хийснээр гэнэтийн эвдрэлээс урьдчилан сэргийлэх, эвдрэлийг шуурхай оношлон засварласнаар техникийн бэлэн байдлын коэффициентыг өндөр байлгах, аюулгүй ажиллагааг хангасан засвар үйлчилгээ хийх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд ажиллагсадын хөдөлмөрлөх аюулгүй орчныг бүрдүүлэх, аюулгүй ажиллагааны заавар санамжийг мөрдүүлэх улмаар аваар осолгүй ажиллах арга барилд сургах тэдний мэдлэг чадварыг дээшлүүлж, сургалт дадлагажилтыг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажилладаг.