Ордын байршлын хувьд Багануурын нүүрсний орд газар нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130.0 км зайтай Хэнтийн уулархаг мужийн зүүн өмнөд хэсэгт Хэрлэн голын баруун эргийн дагуу оршдог. Орд газрын гадаргын өндөршилт нь далайн түвшингээс дээш 1332.9-1376.3 хооронд хэлбэлздэг.
Нүүрсний орд нь зүүн хойноос баруун урагш чиглэсэн суналын дагуу уртаараа 12 км, өргөнөөрөө 4-5 км талбай эзэлж мульд маягаар тогтсон үндсэн 3 давхрагаас бүрдэнэ. Нүүрсний хамгийн доод 2-р давхаргын зузаан нь ордын хэмжээгээр харилцан адилгүй 3.5-29.1м буюу дунджаар 10.3м, нүүрсний 2а давхарга нь 2-р давхаргаас дээш 45м-н дээр орших бөгөөд зузаан нь дунджаар 17.2м. Нүүрсний 2а давхаргаас дээш дунджаар 89.4м өндөрт 3-р давхарга орших бөгөөд давхаргын зузаан маш их өөрчлөлттэй 5-97.9м, чулуулгын 25 хүртэл үетэй, зарим хэсэгтэй шаталтанд өртсөн байх ба газрын гадарга хүртэлх зузаан 10-120м байдаг.
Багануурын нүүрс нь эрчим хүчний зориулалттай Б2 маркын нүүрсэнд хамаарна. Нүүрсний үнслэг нь 12-17%, чийглэг нь 28-33%, хүхрийн агуулга нь 0.5-0.8%, дулаан гаргах илчлэг нь 3000-3600 ккал/кг болно.
Нүүрсний ордын нийт нөөц нь 599.8 сая.тн бөгөөд хайгуулын зэрэглэлээр А-28048 мян.тн, В-131997 мян.тн, С1-257855 мян.тн, С2-181918 мян.тн нүүрсний нөөцтэй нь батлагджээ. Балансын нөөц нь 303.7 сая.тн, балансын бус нөөц нь 296.1 сая.тн.
| Эзэмшил газрын хэмжээ | 5424.0 га |
| Ордын нүүрсний нөөц | 599818.0 мян.тн |
| Үүнээс: | |
| Балансын нөөц | 303694.0 мян.тн |
| Балансын бус нөөц | 296124.0 мян.тн |
| Ордын ашиглалт явуулах талбай | 12*4 км |
| Нүүрсний давхаргын тоо | 3 ш |
| Нүүрсний давхаргуудын тоо: | |
| Давхарга -2 | 3.45-28.16 метр |
| Давхарга -2A | 2.41-52.77 метр |
| Давхарга -3 | 3.19-23.74 метр |
| Давхаргын уналын өнцөг | 8-20 хэм |
| Хөрсний дундаж зузаан | 60 метр |
| Нүүрсний хувийн жин | 1.23-1.31тн/м3 |
| Хөрсний хувийн жин | 1.95-2.25 тн/м3 |
| Гүний усны ундарга | 1100 м3/цаг |