"Багануур"ХК, Монголын үүрэн холбооны "Скайтел" компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан, тус компаниас гаргаж буй “Уурхайчин багц” шинэ үйлчилгээний анхны хэрэглэгчээр тодорлоо. 2011 оны 01-р сарын 26-ны өдөр Гурван талт хамтран ажиллах гэрээнд "Скайтел" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзориг, "Багануур" ХК-ийн тэргүүн дэд захирал С.Батжаргал, "Архидалт Мансуурлын эсрэг Ассосиаци" ТББ-ын тэргүүн Д.Баяраа нар гарын үсэг зурлаа.

"Багануур" ХК-ийн тэргүүн дэд захирал С.Батжаргал “Бидний энэхүү хамтын үйл ажиллагаа нь манай ажилтан, албан хаагчдын үүрэн холбооны хэрэгцээ шаардлагыг цогц байдлаар зах зээлд өрсөлдөхүйц уян хатан үнэ, тарифаар хангадаад зогсохгүй цаашдаа бидний мэдээллийн технологи болон харилцаа холбооны чиглэлээр хамтран ажиллах олон олон хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа” гэдгээ онцлож байв.
Түүнчлэн "Архидалт Мансуурлын Эсрэг Ассосиаци" ТББ-ын тэргүүн Д.Баяраа “Манай гурван байгууллагын хамтын ажиллагаа бол компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэлтийг шинэ хэлбэрт оруулж чадсан ажил болгож байна” гэдгийг онцлон тэмдэглэв.