Мэдээ мэдээлэл Хариуцлагатай уул уурхай бол хөгжлийн гарц
 
 

Хариуцлагатай уул уурхай бол хөгжлийн гарц

Багануурын нүүрсний орд 733,0 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнөөдрийн байдлаар 85,0 сая тонн нүүрс олборлоод байгаа, өөрөөр хэлбэл арвин нөөцтэй энэ  уурхайн Тэргүүн дэд захирал  Б.Базартай уулзлаа. Тэрээр энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа юм байна. Асуултанд минь товчхон ойлгомжтой хариулсан Базар захирлын яриаг толилуулъя.

 

 

-Сүүлийн үед бүгд л уул уурхай гэж ярих болж, зохих туршлага хуримтлуулсан хүний хувьд та юу хэлэх вэ?

-Тийм ээ, энд тэндгүй л уул уурхай, ашигт малтмал гэж ярьцгаан, уурхай мэдэхгүй хүн монголд бараг байхгүй болж. Улс орны хөгжилд салбарын гүйцэтгэх үүргийг хүмүүс ухамсарлаж байгаа нь сайн хэдий ч, хагас мэддэг хүн олширсон нь  сөрөг нөлөөтэй. Үнэхээр мэддэг хүмүүс дуугараад байна уу, мэддэг юм шиг зохиож, худал яриад байна уу, эсвэл мэддэг хүнийг дууриаж давтаад байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.

-Олон хүмүүс, олон талаас нь ярьж хэлэлцвэл уул уурхайн салбарын хөгжилд тус болох юм биш үү?

-Харин ч эсрэгээрээ, хагас мэдэгч нар бий болсноор мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой хүчгүйдэх, шийдвэр гарах хугацаа сунжирч цаг алдах, буруу дутуу шийдвэрүүд гарах, хэт их ярьсан талын эрх ашгийг хамгаалж дээгүүр тавих зэрэг  сөрөг байдал үүсч, хөгжилд тушаа болж байна. Өөрөөр хэлбэл, өөнтөглөн шүүмжлэгчид олширч, ажил зогсох, саатаж цалгардах
нөхцөлийг бий болгож байна.
Цаашид уул уурхайн салбарын туршлагажсан, мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг сонсож нэгтгэн, шийдвэр гаргахад эерэгээр, бодитой нөлөөлөх өгөгдөл болгох хэрэгтэй.

-Салбарын хөгжлийн гарцыг та  юу гэж тодорхойлох вэ?

-Уул уурхайн салбарын хөгжил, салбараас оруулж байгаа орлого нь улс орны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх нь тодорхой болоод байна. Салбарын хөгжлийн гарц бол хариуцлагатай уул уурайг хөгжүүлэх явдал юм.

-Хариуцлагатай уул уурхай гэж яг юуг ойлгож болох вэ?

-Уурхайг ашиглаж эхлэхээс өмнө ажлын байр бий болгох, ажиллах таатай нөхцөл, аюулгүй байдал, тухайн орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлоготой зэрэгцүүлэн орон нутгийн байгаль орчныг хамгаалах, уурхайлалт явуулсан газрыг  нөхөн сэргээх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх тухай бодолцох ёстой байдаг.
Ашигт малтмалын иж бүрэн олборлолт, тэр ч байтугай уурхайн хаалтын үеийн менежмент гээд бүгдийг төсөлд тусган тооцоолсон байх ёстой. Хариуцлагатай уул уурхай гэж үйлдвэр төслийн дагуу явагддаг, харин хэрэгжилтийг нь хөндлөнгөөс хянадаг байхыг хэлнэ.
Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч төслийг шууд хэрэгжүүлдэг, хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлагаа хүлээж чаддаг систем юм.

-”Багануур” ХК уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн ажлыг жишиг байдлаар хийдэг гэж үнэн үү?

-Тийм ээ, хэдийгээр манай уурхай алдагдалтай ажиллаж байгаа боловч, нөхөн сэргээлтийн ажилд бид гар татдаггүй. Жилд 300 гаруй сая төгрөгийг нөхөн сэргээлт болон цэцэрлэгжүүлэлтийн ажилд зарцуулдаг нь бага биш хөрөнгө. Нэгэнт байгалийн баялагийг нь ашигласан учир, авсан газраа эргээд сэргээж байх нь  нийгмийн өмнө хүлээсэн  томоохон
үүрэг гэж  “Багануур” ХК үздэг. Цаашдаа ч бид нөхөн сэргээлтийг жишиг байдлаар хийсээр байх болно.
Бид анх 1999 оноос буюу Монголын уул уурхайн салбарт хамгийн анх нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр нийт 130.0 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэн салбартаа жишиг болсон их амжилтаараа бахархдаг. Манай уурхай нь энэ жилээс нөхөн сэргээлтийн ажлыг олон улсын жижигээр хийж эхлээд байгаа бөгөөд энэ нь мөн уул
салбарын хөгжилд дэвшил болохоор анхны алхам болж байгаа юм.

-Уурхай яагаад алдагдалтай ажиллаад байгаа юм бол? Гарах гарц  байна уу?

-Бидний борлуулж байгаа 1кг нүүрсний үнэ өнөөдрийг хүртэл ердөө 18,2 мянган төгрөг байсан. Зах зээл дээр ийм хямд үнэтэй өөр ямар  бүтээгдэхүүн байна
вэ? Манай уурхай 1 тонн нүүрсийг 21300 төгрөгөөр олборлоод 18200 төгрөгөөр  борлуулж байснаас багагүй хэмжээний алдагдал хүлээсэн.  Нүүрсний үнийг Засгийн газраас хатуу бодлогоор барьж байгаа нь алдагдалтай ажиллах гол шалтгаан юм. Олон улсын зах зээл дээр манай нүүрстэй ижил төстэй чанарын нүүрс 30-40 ам доллараар зарагддаг гээд бод доо.
Өнөөдрийн байдлаар уурхайн хуримтлагдсан алдагдалаас буюу эдийн засгийн чадавхиас хамаарч үйлдвэрийн үндсэн үйл ажиллагааг явуулж байгаа тоног төхөөрөмжүүдээ шинэчлэж чадахгүй байдалд хүрч хугацаа нь дууссан хуучин тоног төхөөрөмжөөр ажил явуулж байна.

-Тэгэхээр танай борлуулж байгаа бүтээгдэхүүн үнэгүйдэж байна гэсэн үг үү?

-Яг тийм, үнэгүй юм үнэгүй л байдаг. Хямд төсөр юманд  үрэлгэн ханддаг нь хүний араншин.

-Нүүрсний үнийг нэмэхээр ард түмний амьдрал шууд доройтож, улс орны хөгжил зогсоно гэсэн буруу ойлголтыг анх хэн хэлчихсэн  юм бол?

-Нүүрсний үнийн жаахан өөрчлөлт амьдралд нөлөөлөх гээд байгаа бол бид өөрсдөө соёлт орны иргэд шиг эрчим хүчээ хэмнэж, зардлаа  барьж болно биз дээ? Хэт хямд болохоор л монголчууд бид цахилгаан, дулаанд үрэлгэн хандаж байгаа. Өвөл цонх, хаалгаа дулаалдаггүй, өдөр нь гэрэл, цахилгаанаа унтрааж хэмнэдэггүй нь хаа сайгүй хэвийн үзэгдэл мэт болж. Энэ тогтолцоог л бид өөрчлөх ёстой. Зүй нь бид уурхай дээрээ үнэ барьж хэмнэх биш, хэрэглэгчид хэрэглээн дээрээ хэмнэлт гаргах ёстой. Үнэтэй баялагийг бид хэрэглэж байгаа гэдгийг хүн бүр ойлгож хэмнэлттэй хэрэглээг бий болгох ёстой. Гадны орны туршлага ийм л байдаг. Харилцан ашигтай хамтарч ажиллах гэдэг нь бас л хариуцлагатай уул уурхайн хэлбэр.
Энэ оны 5-р сарын 1-нээс нүүрсний үнийг нэмэгдүүлж манай уурхайн 1 тонн нүүрсийг 20500 төгрөгөөр борлуулахаар шийдвэр гарсан. Энэ нь уурхай алдагдалгүй ажиллах хэмжээнд биш юм гэхэд эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгөх нь гарцаагүй юм.  

-Багануурын уурхайн ирээдүйн төлөө санаа зовдог уу?

-Тэгэлгүй яах вэ! Компани алдагдалтай ажиллаж байгаагаас хөрс хуулалтын ажлаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна. Хөрсний хоцрогдол уруу өдрөөс өдөрт ойртсоор байгаад мэргэжлийн хүний зүгээс эмзэглэх юм. Энэ мэтээр цаашид байнга алдагдалтай ажиллаад байвал хөрсний хоцрогдолд орж уурхай зогсоход хүрнэ.

-Дэд захирлын хувьд технологи зөрчигдөж байгаа шалтгаанаар уурхайгаа зогсоочихож болдоггүй юм уу? Тэгвэл засаг төр нэг юм бодох байлгүй дээ?

-Тийм  эрх  надад байхгүй, технологи зөрчигдсөн ч, ямар ч аргаар хамаагүй станцуудыг нүүрсээр хангах л үүрэгтэй. Ашигт малтмалынхаа энэ их нөөцийг бид ашиглаж чадахгүй, уурхайг зогсоох хэмжээнд хүртэл асуудал  хүндэрчихгүй байх гэж найдаж байна.

-Ашиглалтын хугацаа нь аль хэдийн дууссан хуучин техник, тоног төхөөрөмжөөр ажил явуулснаас гарах үр дагавар мэдээж их байгаа даа?

-Хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалж, техникээ шинэчилж чадахгүй байгаагаас наад зах нь ажиллагсадын ажлын байр, аваарь осолгүй аюулгүй ажиллах нөхцөлд  муугаар нөлөөлж байна. Гэхдээ уурхай өнөөдөр ягтаа тулаад зогсчихоогүй байгаа. Манай уурхайчид дотоод нөөц бололцоогоо дайчлан төвийн бүсийн эрчим хүчний системийг нүүрсээр таслахгүй байх үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа. Уурхайчид маань үүндээ л сэтгэл өег, алтан уурхайдаа сүсэглэн бахархаж явдаг даа.

-Улс орон, айл гэрийн галыг таслахгүй байх шиг буян юу байх вэ? Танай уурхайн ажил үйлс дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье, баярлалаа.