Багануур ХК нь нийт инженер техникийн ажилтнуудынхаа дунд анх удаа шилдэг инженер шалгаруулах Mining CEO тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээний зорилго нь инженер техникийн ажилтнууд багаар ажиллаж, гүйцэтгэх түвшинд шийдвэр гарган хэрэгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх замаар компанийн зорилтот түвшинг хангах юм.
Тэмцээн нь уралдаант шалгаруулт байх бөгөөд тодорхой нөхцөл хангасан, шалгаруулалтад тэнцсэн 60 оролцогчид 10 гишүүнтэй 6 багт хуваагдан 70 хоногийн турш 3 үе шаттайгаар 7 даалгавар гүйцэтгэх бөгөөд хасагдах журмаар өрсөлдөх юм.
Тэмцээний шилдгийн шилдгээр шалгарсан оролцогч зөөврийн компьютераар , 1-р байранд орсон баг 1 000 000 төгрөг, 2-р байранд орсон баг 500 000 төгрөг шагнуулах бөгөөд бусад номинацуудыг тодруулах юм.
Тэмцээн 2009 оны 10-р сарын 01-нээс эхлэж 2009 оны 12-р сарын 11-нд дүнгээ гаргана.
Хүлээж буй үр дүн
- Багануур ХК-д үүсээд байгаа хүндрэлтэй асуудлыг нэг талаас шийдэх гарцыг бий болгох.
- Эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед компанийн эдийн засгийн чадавхийг бий болгох, зардал хэмнэх
- Улмаар компанийн үнэт баялаг болох хүний нөөц тэр дундаа анхан шатны удирдагч нар ажлын арга барилаа зөв сонгох, амьдралыг үзэх үзэл, дэлхийн нийтийн чиг хандлагыг таньж мэдэх зэрэгт эерэг дүнг харуулна.
- Байгууллагын үр бүтээмж өндөр байх нь дан ганц удирдлагаас бус түүний удирдлаганд үүрэг гүйцэтгэж буй хүний чадвар, хандлагаас хамаардаг болохыг харуулна.
- Монгол улсын нүүрсний салбарын чиг хандлагыг тодорхойлох мэргэжлийн боловсон хүчин ямар түвшинд байх ёстойг харуулна.
- Хувь хүний чадвар гадаадад боловсрол эзэмшсэнээр юм уу, дотоодод боловсрол эзэмшсэнээр юм уу, эсвэл хүний өөрийнх нь хандлагаас уу
гэх мэт олон асуултын хариуг өгнө.
Нээлтийн үйл ажиллагаа
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2009 оны 9-р сарын 31-нд болж тэмцээнд оролцогчдод мандат гардуулж 1-р даалгавар өгөгдлөө. Нээлтийн үйл ажиллагаанд компанийн гүйцэтгэх захирал оролцон нийт багууд болон тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн байна.