Ашиглалтын инженер Х.Батчимэг. Багануурын уурхайд 11 жил ажиллаж байгаа тэрээр 2005 оноос ТАМАХ-ийн ашиглалтын инженерийн албыг хашиж, автосамосвалын хуваарь, ажилтнуудын ажлын графикийг зохион байгуулж, автосамосвалуудыг хэрхэн ашигтай ажиллах ажлыг хариуцдаг.
-Уурхайн хэмжээнд бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжсэнээр манай хэсэгт бүтээмжийн гурван арга хэрэгслийн аль, алийг нь хэрэгжүүлж байна. Ашиглалтын инженерийн хувьд ЧД-гийн чиглүүлэгчээр ажиллаж гишүүдийг хэрхэн ажиллах сургалт явуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг нь шийдэхэд туслах зэргээр ажилладаг.
Манай хэсгийн хувьд ЧД-гийн ажлын хүрээнд бүх машин бригад, ажилтнуудаа ЧД-д хамруулаад байна. ЧД бүр сардаа хоёроос доошгүй удаа хуралдаж асуудлаа хэлэлцдэг.
Бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлснээр манай хүмүүсийн ажилд хандах хандлага, ажилчдын цаг ашиглалт, ажлын байрны эмх цэгц сайжирч, ажилтнууд илүү тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна. Мөн эдийн засгийн үр ашиг дээшилж, өөрсдөдөө хүндрэлтэй байгаа олон асуудлыг нөөц бололцоогоо ашиглан шийдвэрлэж байна.
Уулын хүнд техникүүдийн түлшний зарцуулалтад хяналт тавих, түүнийг хэмнэх явдал их чухал байдаг. Сүүлийн үед харуул хамгаалалттай болсноос гадна түлшний хяналтын систем тавьсан. Ингэснээр хоёр, хоёр минутын зайтай түлшний зарцуулалтыг компьютерт оруулж хянах боломжтой болсон.
Кайзен саналын хувьд нэг санал байнга давтагдах ч юм уу, жижиг санал их гарч зарим нь хэрэггүй ч юм шиг асуудал байх болсон. Иймд кайзен саналуудыг чанаржуулмаар санагддаг.
Дуслыг хураавал тонныг хэмнэнэ
Монгол улсын Хүндэт уурхайчин, Хөдөлмөрийн хүндэт медальт оператор-жолооч О.Эрдэнэбилэг. Тус уурхайд 24 жил ажиллаж буй тэрээр 25 тоннын даацтай белазиас эхлээд бараг дөрөв дахин илүү даацтай “HD785” автосамосвалыг жолоодож, машин бригадын даргаар ажиллаж байна. Тэрээр хэр баргийн эр хүн хийгээд байдаггүй хүнд даацын машинаар уулын замд тээвэр хийж байгаагаараа бахархдаг.
-Бидний ажлын онцлог нь нэг машин дээр дөрвөн ээлжээр ажилладаг. Дөрвөн өөр гар нэг тэргийг тасралтгүй жолоодохоор төвөгтэй зүйл байдаг. Харин бүтээмжийн ажил өрнөснөөр бид их зүйлийг өөрчилж чадсан.
Эхлээд цэвэр, цэмцгэр байдал, 5С гээд яриад, тэгээд чанарын дугуйланг сурталчилж эхлэхэд ойлгохгүй байсан. Ярьж байгаа зүйл нь өдөр тутмын амьдрал дээр байж л байдаг зүйл шиг, яг түүнийг ашиглаж уу гэхээр тийм юм байхгүй, эвдрэл гэмтлээ засдаг ч хэн нь юу хийсэн, юуг хэмнэсэн тооцох ч зүйл байхгүй байлаа. Харин үүнийг ойлгуулаад хэмнэлт гаргасныг нь тав, арван төгрөгөөр шагнаж, урамшуулаад ирэхээр их өөр болсон.
Бид машин бригадаараа нэгдэж “Боломж” чанарын дугуйланг байгуулсан. Дөрвөн оператор, чиглүүлэгч, нарийн бичгийн даргатайгаа зургуулаа. 2007 онд нэг төсөл, дараагийн жилүүдэд тус бүр хоёр, нийт 194 сая төгрөгний хэмнэлттэй таван төсөл хамгаалж хэрэгжүүлээд байна.
Хамгийн сүүлийн төсөл бол дугуйны хэмнэлт, эдэлгээг уртсгах чиглэлээр байсан. 100 мянган км явах ёстой дугуйг 107-108 мянган км явуулж, эдэлгээг нь уртасгасан. Энэ бол бараг гурван сарын ажил. Бид одоо “Хос гурван насосны эдэлгээг уртасгах” төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээд ажиллаж байгаа. Удахгүй хамгаална.
Чанарын дугуйлан бий болсноор бидний хувьд багаар ажиллах, өөрөөр хэлбэл хэдийгээр нэг машин дээр ажиллаж байгаа ч өөр, өөрсдийнхөөрөө явдаг байсан тэр байдлыг эрс өөрчилж чадсан. Бие биедээ шаардлага тавьж, хэлж зөвлөдөг, асуудлаа дундаа хэлэлцэж шийдвэрлэдэг болсон.
Ер нь бидний ажил хүнд шүү. Шөнө 12 цаг явна. Хэдийгээр дунд нь нэг цаг амрах ёстой ч төлөвлөгөө нормыг шахуу өгсөн, явах ёсой машин дутуу гээд амарч чаддаггүй.