Багануур ХК-ийнхан шилдэг инженер техникийн ажилтан /ИТА/-уудын “MINING CEO” тэмцээнийг 70 хоногийн хугацаанд зохион байгуулж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү тэмцээний зорилго, ач холбогдлын талаар тус компанийн захирлын туслах М.Ариунболдоос тодрууллаа.
-Энэ тэмцээнийг манай компаний Захиргаа хүний нөөцийн албанаас анх санаачлан ИТА-ны зөвлөл, Бүтээмжийн баг хамтарч зохион байгуулж байна.
Тэмцээнийг ИТА нартаа өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах, асуудлыг олж харах, шийдвэр гаргах зэрэг анхан шатны удирдагч нарт байх ёстой чадваруудыг эзэмшүүлэх, бие биенээсээ суралцах зорилгоор зохион байгуулж байгаа.
Уурхайн 100-аад ИТА нараасаа IQ–гийн тестээр шалгалт авч тэднээс 60-ыг нь сонгон шалгаруулаад арав, арваар нь зургаан багт хуваасан. Нэг баг 10 гишүүнтэй гэсэн үг. Тэд уулын болон цахилгааны инженер, механик, эдийн засагч гээд өөр, өөр мэргэжилтэй. Хэдийгээр нэг байгууллагад ажиллаж байгаа ч урьд нь бие, биеэ сайн мэддэггүй байсан бол одоо баг болж ажиллахаар сайн ойлголцож ажиллаж байна.
Нийт 70 хоногийн хугацаанд долоон даалгавар буюу нэг даалгаврыг 10 хоногт гүйцэтгэнэ. Эхний даалгаварын гүйцэтгэл маш үр дүнтэй боллоо.
“Бүтээлч ажил” гэсэн нэртэй даалгавар байсан. Багууд өөрсдөө эдийн засгийн үр ашиг гаргасан, цагийн бүтээл нэмэгдүүлсэн ч юм уу бүтээлч ажил хийх байсан долоон баг нийт арваад төсөл хамгаалсан. Үүнээс 40 орчим сая төгрөгний хэмнэлт, үр ашиг гарсан. Тэмцээний явцад төслөө өөрсдөө хэрэгжүүлсэн бөгөөд цаашид түүнийг ажил болгон авч явах даалгаврыг хэсгийн удирдагчид өгч байгаа.
Хоёр дахь даалгавар нь багууд уурхайн есөн хэсгээс сугалаад тэр хэсгийнхээ үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж ажлаа оновчтой зохион байгуулж байна уу гэдгийг гаргах, алдаа дутагдлыг илрүүлэх, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлно.
Түрүүчийн даалгавар бүтээлч, биет ажил байсан бол хоёр дахь нь судалгааны ажил ихэвчлэн хийж, асуудлыг ил гаргах даалгавар байгаа.
Шүүгчид тайлангуудыг сонсоод дараагийн даалгаварт ямар даалгавар өгвөл оновчтой вэ гэдгээ тодорхойлж байгаа. Шүүгчдийн багт захирлын зөвлөлийн гишүүд, Захиргаа, хүний нөөцийн дарга Б.Хэрлэнчимэг, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга. А.Энхбат, Технологийн бодлогын хэлтсийн дарга Б.Базар, Бүтээмжийн мэргэжилтэн Б.Наранчимэг, Хяналтын хэлтсийн дарга Э.Номинчулуун, Худалдаа хангамжийн хэсгийн дарга Ч.Чулуунбат гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй.