Бүтээмж Бүтээмжийн мэдээ Бүтээмж олон жилийн хэвшмэл сэтгэлгээг өөрчилж чадсан
 
 

Бүтээмж олон жилийн хэвшмэл сэтгэлгээг өөрчилж чадсан

Багануур” ХХК-ийн бүтээмжийн ажилтан Ж.Орхон, мэргэжилтэн Б.Наранчимэг, ажилтан Б.Ундармаа нар

Бүтээмжийн багийнхан ажилтнуудыг сургах, идэвх­жүүлэх, хянах, сайжруулахад чиглэн ажилладаг

Бүтээмжийн баг нь компанийн бүтээл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн орчин үеийн арга, хэрэгслүүдийг нэвтрүүлэх ажилд ажилтнуудаа сургах, ажилд нь хэрэгжүүлж хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Тус компанид “Ажлын байрны соёл – 5С”, “Кайзен саналын систем”, “Чанарын дугуйлан” зэрэг бүтээмж нэмэгдүүлэх арга хэрэгсэл хэрэгжээд хэвшсэн бөгөөд “Мэдлэгийн менежмент”, “Дотоод бенчмаркинг”, “ISO 9001 бичиг баримтын стандарт” арга хэрэгслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Эдгээр арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэхдээ эхлээд ажилт­нууд­­даа сургалт явуулах замаар анхан шатны ойлголтыг өгч, дараа нь ажилд хэвшүүлэхийн тулд арга хэрэгслүүдтэйгээ холбоотой төрөл бүрийн идэвхижүүлэлтийг байнга явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, идэвхжүүлэлтийг дээрх арга хэрэгслүүдийг ажилтнууд бүрэн сурч эзэмшихэд ба түүнийг ажилдаа байнга ашиглаж, хэвшүү­лэхэд чиглүүлэн  тасралтгүй хийдэг ажээ.

Идэвхижүүлэлт бол зөвхөн урамшуулал биш, ажилтнуудын ажиллах сонирхлыг нь өдөөж өгдөг хэрэгсэл юм. Идэвхижүүлэлтэд дараах зүйлүүдийг ашиглаж байна. Үүнд:

Мөнгөн урамшуулал, хамт олны өмнө баяр хүргэх, мэдээллийн сувгаар сурталчлах, сургалтад хамруулах, туршлага судлуулах, уралдаан тэмцээн, ном бэлэг дурсгалын зүйлс дурсгах,  үзвэр үзүүлэх гэх мэт.


Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж хамтдаа хөгжицгөөе

Энэ бол Багануурын уурхайн хамт олны уриа. Тэд хэн нэгнээ ингэ тэг гэхээсээ илүү хэний ч шаардлагагүйгээр ажилчнаасаа эхлээд дээд удирдлагаа хүртэл дор бүрдээ юуг хэрхэн, яаж сайжруулах вэ гэдгийг байнга бодож санаж сэдэж түүнийгээ ажил хэрэг болгож сурсан. Энэ бол бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж “Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн. Гэхдээ бүтээмжийн тухай хэн нэг нь яриад шууд хэрэгжүүлчихсэн хялбар ажил биш.

Тэд анхдагч нь болж өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд арга зүйн талаар зарим мэдлэг, туршлага дутмаг, хийсэн ажлынхаа үр дүнг хэмжих үзүүлэлт нь оновчтой бус, компанийн удирдлагын ба өөрчлөлтийн шинэ бүтцийн ажлын ялгаа заагийг сайн гаргаж чадаагүй, дунд шатны менежерүүдийн идэвхийг өрнүүлж чадаагүй гээд бэрхшээлүүд учирч байсан.

Бүтээмжийн ажилтнаас тэсвэр, тэвчээр шаарддаг


Б.Ундармаа  2006 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг  Инженер эдийн засагч мэргэжлээр төгсч “Багануур” ХК-д бүтээмжийн ажилтнаар ажиллаж байна. Тэрээр 2007 онд Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалт, ISO -9001 сургалт, 2008-2009  онд Golden bridge сургалтын төвийн Pre-intermediate шатны сургалтуудад суралцан мэргэжлээ дээшлүүлжээ.

-Бүтээмжийн ажилтан хүнээс их тэсвэр тэвчээр, удирдан зохион байгуулах, харилцааны өндөр чадвар гээд олон төрлийн арга барил шаарддаг юм байна.  Миний бодлоор үйлдвэрлэлийн яг халуун цэг дээр нь ажилладаг ажилтнууд баг, хамт олноороо нийлэн ажлын байран дээр тулгамдаад байгаа асуудлуудаа оюуны довтолгоогоор илрүүлэн гаргаж ирж шийдвэрлэн, ажлаа сайжруулж, эвдрэл саатал гарсан тохиолдолд дор нь засач сэлбэн, нэн шаардлагатай сэлбэг материалыг хүртэл орлуулж хийн, түүгээр төсөл баримтжуулан хамгаалж өөрийгөө бусдад таниулж байгаа нь их бахархалтай санагддаг.

Би бүтээмжийн ажилтнаар анх орохдоо 18 хүнээс шалгаран орж байсан, мөн 2008 оны жилийн эцсийн тайлангаа хэлтсийхэндээ хамгаа­­лаад сайн ажилласан гэж  шагнал авч их баярлаж байсан. Харин 5С-ийн үзлэг хийгээд явж байхад зарим үед зөрчилтэй байдал үүсдэг тэр л жаахан хэцүү байдаг даа.

Миний хувьд гол төлөв Чанарын дугуйлан, ТАМЗХ, УНХ, УШХ, ЭХНХ, НБАХ хэсгийн Ажлын байрны соёл 5С, Хэмжилт, УНХ, ТАМАХ-т бечмаркинг тэргүүн дэд туршлага судлах зэрэг ажлуудыг хариуцдаг.

Манай компани дээр чанарын дугуйлангийн хөдөлгөөн өрнөөд дөрөв дэх жилдээ орж байна. 2006 оноос хойш нийт 92 багт 881 ажилтан хамраг­дан, 278 төсөл хамгаалан, оролцооны 70 хувьтай байгаа. Ажлын байр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулсан 183 төсөл, цаг ашиглалтыг 2,2 мянган цагаар бууруу­лан, зардал хэмнэсэн 78 төсөл хамгаа­лан 554.7 сая төгрөгийн гарч болох зардлыг бууруулан, 24092.9 мянган м3-аар бүтээл нэмэгдүүлээд байна.

Компанийн зүгээс  шилдэг Чанарын дугуйлангуудаа улирал бүр шалгаруулан 100.0  мянган төгрөгөөр, сайн дугуйланг нь 50.0 мянган төгрөгөөр шагнаж урамшуулдаг. 2009 онд л гэхэд 37 чанарын дугуйланг 1.2 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.

Миний хариуцдаг хэсгүүдээс ЭХНХ-ийн хэсгийн даргын өрөө, инженерүүдийн өрөө, шуурхай, кабелийн бригадуудын ажлын байрууд хамгийн сайн үлгэр жишээ байж чаддаг. ТАМЗХ-ийн токарьчин, цахилгаанчин, багаж материалын өрөө, НБАХ-ийн ТЭХ-1,2-ын ажлын байрууд, төмөр замын нэгдүгээр бригад, дарга, няравын өрөө, УШХ-ийн насосчны ажлын байр, дарга, инженерийн өрөө, УНХ-ийн дарга, инженерийн өрөө, Экскаваторуудаас  № 137, № 50, 35, 1426, 1581 гээд очих болгонд сайн байдаг ажлын байрууд олон байдаг. Бидний ажлын үр дүн гэж бодохоор бахархах сэтгэл төрдөг.

Тухайн ажлыг хийж байгаа хүн далд нөөц бололцоог хамгийн сайн олж хардаг

Багануурын нүүрсний уурхайг ил уурхай гэдгийг хүмүүс мэднэ. Харин нүүрсний нөөц нь усан дотор байдаг гэдгийг хэр мэдэх бол. Нүүрсний нөөц 160 метр хүртэл гүнд байдаг бөгөөд 100 метрээс доош нүүрс усан дотор байдаг. Технологийн дагуу олборлолт хийхээс 1-2 жилийн өмнө усыг нь бүрэн шүүрүүлсэн байх ёстой аж.

Уурхайн нөөцийг 600 сая тонн гэж тогтоосон, түүний 304 сая тонныг нь ил аргаар авч болох юм байна. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд 82 сая тонн нүүрс олборлоод байгаа бөгөөд энэ хэмжээндээ ажиллаад байвал ил аргаар авах нүүрсний нөөцийг 70 жил ашиглах боломжтой.

Ус шүүрүүлэхээс эхлээд хөрс хуулах, өрөмдлөг тэсэлгээ хийх, нүүрсийг хаанаас, яаж гаргах, мөн хөрс, нүүрс тээвэрлэлт, нүүрс гаргалт, борлуулалт, нөхөн сэргээлт гээд уурхайн технологийн бүхий л ажиллагааг Технологийн бодлогын хэлтсийнхэн удирддаг байна. Тус хэлтсийнхэн арвуулаа ажилладаг байна.

Технологийн бодлогын хэлтсийн дарга Б.Базар. ТИС-ийн Уул уурхайн сургуулийг уурхайн ашиглалт мэргэж­лээр дүүргэжээ. Багануурын уурхайд насосны зумбчин, тэсэлгээчнээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр Уулын хэсгийн мастер, Технологийн бодлогын хэлтэст мэргэжилтэн хийж байгаад сүүлийн хоёр жил уг хэлтсийн даргаар ажиллаж байна.

-Манай уурхай 1978 онд ашиглалтад орохдоо тэр үедээ маш сайн төсөл байсан ОХУ-ын Ленин­град­ын Гипрошахт инстистут­ын төслөөр ажиллаж эхэлсэн. 1985 он гэхэд жилийн хүчин чадлыг 6.0 сая тоннд хүргэхээр төлөвлөж байсан ч 1988 онд 4.0 сая тонн хүчин чадал­тай ажиллаж түүнээс хойш жилдээ 2.8-3.3 сая тонн нүүрс гаргаж байгаа.

1990-д оны дундаас уул уурхайн салбарын уналт болж уурхайн төслийг зөрчиж эхэлсэн бөгөөд хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс хуулсан хөрсийг зөөх автосамосвал байхгүй болж дотоод овоолго хийж эхэлсэн. Энэ нь нүүрсийг нь ашигла­сан хэсэгтээ алхагч экскава­тор­оор шинээр хуулж буй хөрсөө овоолох­ыг хэлдэг. Яваандаа дотоод овоол­гын даац хэтэрч, гулсалт нуралт ихсэн хөрс хуулалт хоцрог­долд орж нүүрсний нөөцгүй болж эхэлсэн.

Засгийн газраас анхаарал тавьж 1996-1998 онд “Монгол нүүрс” төсөл хэрэгжүүлэн АНУ-ын “Norwest” компан­иар уурхайн урт хугацааны төлөвлөгөө боловсруулуулж Дэл­хийн банк болон Японы хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэн 90 тоннын даацтай хөрсний автосамосвал 20 ширхэг, 40 тоннын даацтай нүүрсний автосамос­вал 10, бульдозер гэх зэрэг техникийг оруулж, технолог­ийн томоохон шинэч­лэлийг бүрэн хэмжээгээр хийснээр уурхай хүндрэлтэй үеэс гарч чадсан.

Гэвч нүүрсээ борлуулж байгаа үнэ алдагдалтай, борлуулсан нүүр­ний үнээ авч чадахгүй байгаагаас санхүүгийн хүндрэл бас л гарч ирсэн. Зарчмын хувьд технологи нь техникээ шаардаж явдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар бид техниктээ баригдсан технологиор явж байна. Уурхай зөв горимоор явахын тулд хөрс хуулалтаа урьд жилд нь хийсэн байх ёстой. Тэгэж байж хөрс, нүүрс­ний тогтвортой  харьцааг барьж явдаг. Гэтэл ингэж чадахгүй энэ жил авах 3 сая тонн нүүрсний дээд хөрсөө л дөнгөж авч байна. Жил бүр хөрсний зузаан 5-10 градус, хөрсний хэмжээ 3-4 метрээр зузаарч байгаа учраас уурхай хүндрэлтэй байдалд орох дохио болоод байна. Гадны экспертүүд ирж үзээд яагаад горим зөрчиж ажиллаад байна гэж гайхдаг.

Ер нь технологийн горим зөрчсөн гээд уурхайг зогсоох үндэс бүрдчи­х­ээд байна гэж хэлж болно. Гэвч дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангахын тулд горимоо зөрчиж ажиллаж байна. Хөрөнгө санхүүгийн боломжтой бол ус шүүрүүлэлтээ нэмэгдүүлэхээс эхлээд технологийн горимын дагуу ажиллах шаардлагатай байгаа.

Гэхдээ манай хамт олон байгууллагын менежментээ зөв авч явах гарц бол Бүтээмжийн хөдөлгөөн гэдгийг олж харж чадсан, түүнийхээ үр шимийг ч хүртэж байгаа гэж хэлж болно. Тухайлбал уурхай 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарах тооцоо байгаа ч бид энэ алдагдлыг хоёр дахин бага болгож дотоод нөөц бололцоогоо ашиглаад зардлаа хэмнээд байна гэж ойлгож болно.

Кайзен саналын систем бол ерөнхийдөө зардал гаргахгүйгээр яаж зардлыг хэмнэж болох вэ гэдгийг шийдэж өгдөг. 10 мянган  төгрөгний урамшууллаар сая төгрөгийн зардал хэмнэх олон санал байгаа. Тухайн ажлыг хийж байгаа хүн далд нөөц бололцоог хамгийн сайн олж харч чаддаг. Тийм ч учраас бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлсний дүнд шууд ба шууд бус утгаар маш их хэмнэлтийг гаргаж байгаа. Манай ажилтнуудын гаргасан санал, хийсэн зүйлс хэдэн боть ном шиг болсон.

Саяхан “Mining CEO” тэмцээний явцад гэхэд л ИТА нар  ТЭХ дээрээс ялгасан нүүрсийг ачдаг хоолой хийгээд гадны машинуудад шигшсэн нүүрс ачих төхөөрөмжийг хийснээр гадны жижиг хэрэглэгч вагон ачихад саад болдгийг зогсоох ач холбогдол­тойгоос гадан 30 секунтэд нэг  машин ачих боломжтой болсон. Гаднаас нь харахад хэрэглэгчдийг татах гэж байгаа юм шиг боловч далд маш их зардлыг хэмнэж байгаа юм.

Бүтээмж бол гаргасан бүтээгдэхүүнээр хэмжигдэх явцуу зүйл биш

Бүтээмжийн ажилтан Ж.Орхон.

Бүтээмж нь маргаашийг өнөөд­рөөс илүү сайн сайхан болгоход чиглэсэн үйл ажиллагаа буюу байнгын тасралтгүй сайжруулт юм. Тиймээс бид компанийхаа зайлшгүй сайжруулах ёстой талбаруудаа нэн тэргүүнд тодорхойлж гаргасан. Эдгээр талбаруудад

  • Удирдлага зохион байгуулалт
  • Ажиллах хүчний хөгжил
  • Техник технологийн  шинэчлэл, оновчлол
  • Хөдөлмөрийн хөлс ба урамшуулал
  • Мэдээллийн систем
  • Маркетинг,
  • Сөрөг нөлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал энэ бүгд ордог.
Эдгээр талбарт өөрчлөлт ба сайжруулалтыг тасралтгүй хийж байж сая бүтээмж дээшилдэг. Иймд бүтээмж бол зөвхөн гаргасан бүтээгдэхүүний тоо хэмжээгээр хэмжигдэх явцуу зүйл биш юм.

Гэхдээ бүтээмжийг энэ олон асуудлыг хамардаг хэцүү зүйл гэж бодох огт хэрэггүй. Ер нь бүтээмжийн ажлыг 5С –ээс эхэлдэг. Үүнийг бүтээмж чанарын суурь гэж үздэг. Эхлээд бүх зүйлээ эмхлэх хэрэгтэй, замбараагүй байвал хийсэн зүйлийн үр дүн гарахгүй.